0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“ТЭМҮҮЛЭЛ” ОЛИМПЫН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа, нэгдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 10 хүртэл зохиогдохоор болоод буй.

Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль болзолт уралдаан эхлэхтэй зэрэгцэн “Тэмүүлэл” олимпын танхимынхаа нээлтийг хийлээ.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон олимпод оролцогчид, олимпын медальтнуудын төлөөлөл оролцсон юм.

Тус сургууль “Тэмүүлэл бүхэн биелнэ” уриатай учраас олимпын танхимаа “Тэмүүлэл” хэмээн нэрлэжээ.

Сургуулийн хамт олон танхимаа тохижуулахдаа МҮОХ-ны үе үеийн ерөнхийлөгчид болон олимпын медальт тамирчдын зургийг он цагийн дарааллаар байрлуулсан байв.

Мөн хоёр талын хөшиг дээрээ өвөл, зуны бүх олимпын наадмын товч мэдээллийг оруулан хэвлэсэн нь өвөрмөц шийдэл болжээ.

“Тэмүүлэл” олимпын танхим хэрэгцээтэй мэдээллийг бүгдийг багтаасан болохыг сургуулийн захирал Ч.Зоригтбаатар онцлоод цаашид олон хүн орж гардаг олны хөлийн газар болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Олимпын ахмад оролцогчид хамтран тус танхимын тохижилтод зориулан зурагт авч өгснийг энэ үеэр гардуулан өгөв.

МҮОХ, Монголын үндэсний олимпын академи, БТСУХ, БШУЯ-тай хамтран зохион байгуулсан 2021-2022 оны болзолт уралдаан улс орон даяар зургаан сарын турш үргэлжилж, нийт 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, аяны хүрээнд 1200 гаруй арга хэмжээ зохион байгуулсан билээ.

Харин энэ жилийн уралдаан дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, тавдугаар сарын 10-нд өндөрлөнө.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД