МҮОХ-НЫ ЧУУЛГАН АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30-НД БОЛНО
МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өнөөдөр (VIII.26) цахимаар болон танхимаар явагдлаа. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байлаа.
Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцэв. Мөн МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг МҮОХ-ны гишүүнээр сонголоо.
Хурлаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь МҮОХ-ны ээлжит чуулганы товыг тогтоох байв. Ингээд хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд МҮОХ-ны чуулганыг хуралдуулахаар тогтов. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.