ТАМИРЧДЫН КОМИССЫН ЗҮҮН АЙМГУУДАД ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын зүүн гурван аймгаар хийсэн уулзалт аялал амжилттай өндөрлөлөө.
Аяллын сүүлийн цэг Дорнод аймаг байсан бөгөөд Чойбалсан хотноо цуврал таван уулзалт зохион байгуулахад 400 гаруй тамирчин сурагч хамрагдав.
Тамирчдын комиссын дарга, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалай болон дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт боксчин П.Сэрдамба нар тамирчин сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, тэдэнтэй хамт бэлтгэл хийж, хүссэн асуултад нь хариулж, хамт зургаа авахуулах зэргээр нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөв.
Энэ үеэр Тамирчдын комиссын төлөөлөл Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж, харилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аймгийн БТСГ-аас Тамирчдын комиссын төсөл хөтөлбөрүүдийг Дорнод аймагт хэрэгжүүлэх санал тавьсан юм.