“УЛААНБААТАР-2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ЗБХ-НООС СПОРТ ХОЛБООДТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Ирэх жил Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт багтсан спортын 12 төрлийн холбоодтой санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр нийслэлийн Хангарди ордонд болов.
Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, наадмын хөтөлбөрт багтсан спорт холбоодын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХК-ийн төлөөлөл оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд Зохион байгуулах хорооноос Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268, 2021 оны 337 дугаар тогтоолууд, Зүүн Азийн Олимпын хороо - Улаанбаатар хот, Монголын Үндэсний Олимпын Хорооны байгуулсан Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах гэрээний хэрэгжилтийг хангах, наадмын хөтөлбөрт багтсан спортын тэмцээнүүдийн зохион байгуулалтыг стандартын дагуу зохион байгуулахыг эрмэлзэж, тэмцээний заал талбайн тохижилт, тоног төхөөрөмж, хэрэглэл материал, техникийн төлөөлөгчид, шүүгч, албаны хүн, техникийн болон гэрээт ажилтнууд, наадамд оролцох Монголын шигшээ баг, телевизийн шууд дамжуулалт зэрэг ажлуудад спорт холбоодтой хамтран ажиллах талаар тусгасан байна.