МОНГОЛЫН БАГИЙН ХУВААРЬ /08.07/
Өнөөдөр Монголын гурван тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө. /Улаанбаатар хотын цагаар/
ХӨНГӨН АТЛЕТИК, МАРАФОН
Хоёр дахь олимпдоо оролцож буй эмэгтэй марафонч Б.Мөнхзаяа маргааш хурд сорино. Түүний уралдаан Улаанбаатарын цагаар өглөө 06.00-д эхлэх байсан ч хуваарьт өөрчлөлт орж, 05.00 цагаас гүйж эхлэхээр болсон байна. Саппород ойрын өдрүүдэд тун халуун байгаа тул тамирчдыг наршихаас сэргийлэн уралдааныг эрт эхлүүлж байгаа юм. Эмэгтэй марафонд нийт 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
ЧӨЛӨӨТ БӨХ
Чөлөөтийн тэмцээний сүүлийн өдөр манай хоёр бөх медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорино. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй Т.Тулга мөн л дагах барилдаанд Унгарын нэр дээр барилдаж буй орос бөх Исмаиль Мусукаевтай халз тулна. Түүний өрсөлдөгч 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нэгэн. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой өрсөлдөнө. Медальд хүрэхийн тулд хоёр орос бөхийг хожих хэрэгтэй болох нь.
Манай хоёр бөхийн эхний барилдаан 17.45 цагт А, Б дэвжээн дээр зэрэг эхлэх юм.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!