БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны явцтай танилцах зорилгоор Баянзүрх дүүргийн 69-р сургууль, 146-р цэцэрлэгт зочиллоо. Эдгээр хоёр боловсролын байгууллага болзолт уралдааны хүрээнд багагүй ажил хийж гүйцэтгэсэн байв.
Г.Бүрэнмэнд захиралтай 69-р сургууль болзолт уралдааны хүрээнд таван төрлийн арга хэмжээнүүдийг хоёр сарын турш зохион байгуулж байна. Тухайлбал, 1-12-р ангийн сурагчдын дунд олимпын боловсрол олгох сургалт зохион байгуулсан бол багш нарын дунд “Олимпын боловсролыг бусад хичээлтэй хэрхэн холбож хүргэх вэ” сэдвийн хүрээнд сургалт хийсэн байна.
Мөн гар зураг, эссэ бичлэг, шүлгийн уралдаан, АХА тэмцээн, сагс, волейбол, буухиа гүйлтийн тэмцээнийг цувралаар зохион байгуулжээ. Болзолт уралдааны хүрээнд зохион байгуулсан эдгээр арга хэмжээнд давхардсан тоогоор мянга гаруй хүн хамрагдсан байна.
146-р цэцэрлэгийн тухайд 18 бүлгийн 600 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нийслэлийн тэргүүний цэцэрлэг болсны шагналын мөнгөөрөө биеийн тамирын танхимаа тохижуулсан байна. Хүүхдүүдэд бага наснаас нь олимпын мэдлэг олгох зорилгоор тус танхимыг тохижуулжээ.
Биеийн тамирын танхимыг олимпын сэдэвт бүтээлүүдээр тохижуулснаас хойш хүүхдүүд спорт, олимпизмыг сонирхох нь нэмэгдсэн болохыг цэцэрлэгчийн эрхлэгч С.Ариунбаяр хэлэв. “Одоо охидууд М.Уранцэцэг эгч шиг тамирчин болно гэж ярьдаг болсон” хэмээн С.Ариунбаяр эрхлэгч сонирхуулсан юм.
Цэцэрлэгийн зүгээс эцэг эхчүүдийн дунд “Олимпын тухай хэн сайн мэдэх вэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж, үүнд 53 хүн хамрагдсан байна.
Сургууль, цэцэрлэгүүд болзолт уралдаанд идэвхтэй оролцож буйг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар сайшааж, спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг ямар ч үед дэмжин ажиллахаа илэрхийлэв.
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.