“ПАРИС-2024” ОЛИМПЫН АНХНЫ ЭРХИЙГ О.ЕСҮГЭН АВЧИРЛАА
Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын 16 мэргэн бууч байв.
Улмаар ОУХМ О.Есүгэн 50 м-йн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа.
Манай тамирчин 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм.
О.Есүгэн өмнө нь “Токио-2020” олимпод мөн цэц сорьж байсан билээ.
ОУХМ Н.Баяраагийн хувьд олимпын эрхээс атгаад алдсан. 10 м-ийн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн тэрбээр 630.6 оноогоор улсын дээд амжилтын шинэчлэн тавдугаар байраар финалд шалгарсан. Гэвч финалын буудлагыг энэ байраараа өндөрлүүлж, олимпын эрхээс 1.4 оноо дутсан юм.
Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дууссан. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болох юм.
Мэргэн буудагчиддаа амжилт хүсье!