0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Монголын бүх ард түмний спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.

Бүх ард түмний спортын XV наадам гурван үе шаттайгаар, спортын 26 төрөлд (олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 6) зохиогдож буй бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Нээлтийн ёслолын үеэр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, “Токио-2020” олимпын оролцогч, буудлагын ОУХМ Ц.Анударь, ширээний теннисээр олимпын наадамд анхлан оролцсон Б.Болор-Эрдэнэ болон марафонч Ц.Бямбажав нар төрийн далбааг залж, “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар наадмын бамбарыг асааж, дэлхийн аварга туйванч бүсгүй М.Анхцэцэг тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм.

Бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 8-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын тогтоолын дагуу шагнаж урамшуулах бөгөөд алтан медаль 1.5 сая, мөнгөн медаль 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчид 500 мянган төгрөгийн шагнал авах юм.

Наадам анх 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүх ард түмний спартакиад нэрийн дор зохиогдож байв. Анхны спартакиадын нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй. 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр спартакиадад 300 гаруй мянган хүн хамрагдаж байжээ.

Бүх ард түмний спартакиад жил бүр зохиогддог байсан ч 1961 оноос хойш дөрвөн жил тутам явуулах тогтолцоонд шилжсэн. Улмаар 2008 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам гэсэн нэртэйгээр өвөл, зуны спортын төрлүүдээр дөрвөн жил тутам зохион байгуулах болсон билээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД