Ч.ОТГОНТУЯА ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ Сербийн Белград хотноо энэ сарын 16-24-нд болж буй. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд өнөөдөр эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 55, 59 кг жингийн барилдаан боллоо.
ЭРЭГТЭЙ:
65 кг:
Эрэгтэйчүүдийн 65 кг-д 42 орны 45 тамирчин өрсөлдлөө. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхлээд гоц мөргөж, хоёрын даваанд Германы Александер Семисоровыг 9:2-оор буулган авсан ч дараагийн тойрогт олимпын мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Алиевийг 3:2-оор ялж яваад сүүлийн оноогоор торгуулснаар 3:3-аар ялагдлаа. Манай тамирчныг эргэлзээтэй хожсон Х.Алиев шөвгийн наймд Арменийн Вазган Теванянд 12:2-оор оноогоор цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв.
97 кг:
Энэ жинд 32 орны 35 бөх зодоглов. Манай улсаас Балтмөнхийн Бадамдорж эхний тойрогт Молдавын Раду Лефтертэй барилдлаа. Б.Бадамдорж барилдааны эхэнд бүхэл дөрвөн оноогоор өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч сүүлийн долоон оноог дараалан алдаж, ялагдлаа. Р.Лефтер 16-д жингийн лидер АНУ-ын алдарт бөх Кайл Снайдерт дийлдсэн юм.
ЭМЭГТЭЙ:
55 кг:
Өнөөдрөөс эмэгтэй бөхчүүдийн барилдаан эхэллээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д 16 орны 19 тамирчин оролцохоор бүртгүүлснээс Чинболдын Отгонтуяа улсаа төлөөлсөн юм. Тэрбээр эхний тойрогт дэлхийн хошой аварга Японы Харүна Окүнод 2:9-өөр дийлдсэн. Япон бүсгүй хагас шигшээд Молдавын Мариана Драгүтаныг ялснаар дэлхийн аваргын шигшээд шалгарсан юм. Ингэснээр Ч.Отгонтуяа дагах барилдаан хийх эрхтэй боллоо.
59 кг:
Эмэгтэйчүүдийн 59 кг-д 19 орны 22 нядхан зодоглож буй. Манай улсаас Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Беларусийн Кристина Сазикинаг цэвэр ялсан ч дараагийн даваанд Азербайжаны Алёна Колесникт 6:3-аар дийлдлээ.