0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПЫН ХӨДӨЛГӨӨНД НЭГДСЭНИЙ 68 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Одоогоос 68 жилийн өмнөх энэ өдөр, 1956 оны 02 дугаар сарын 26-нд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ -ны бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон билээ. Улмаар манай баг тамирчид “Иннсбрук 1964” өвлийн XI олимп, “Токио 1964” зуны XVIII олимпын наадамд анх удаа тоосоо өргөж, түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Монголын баг тамирчид “Мехико 1968” олимпоор медалийн салхийг хагалан 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээс хойш өдгөө манай 29 тамирчин 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медалийг эх орондоо авчраад байна.

Олимпизм нь спортыг соёл, боловсрол, хүмүүжилтэй хослуулан хүн төрөлхтний ёс суртахууны үндсэн зарчмуудыг хүндэтгэх амьдралын философи билээ. МҮОХ нь Монгол улсад спорт олимпизм түгэн дэлгэрсэн энэхүү хугацаанд ОУОХ, Үндэсний олимпын хороодын холбоо, Азийн олимпын зөвлөл зэрэг олон улсын байгууллагад өөрийн гэсэн өндөр байр суурьтайгаар дэлхийн спортын ертөнцөд нэр хүндтэй үнэлэгдэж буй бөгөөд олимпизмын үзэл санааг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад олимпын үнэт зүйлсийн боловсрол олгон хүмүүжүүлж, өв тэгш оюун ухаан, ур чадварыг төлөвшүүлэх их үйлсийг цогцлоон хөгжүүлсээр буй.

Монголын олимпын их гэр бүлийн эрхэм гишүүд та бүхэндээ баярын мэнд хүргэж, амжилт ялалтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах их амжилтыг хамтдаа бүтээцгээе!

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч

Б.Баттүшиг

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД