ӨНӨӨДРИЙН ТОЙМ, МАРГААШИЙН ТӨЛӨВ
Өнөөдөр манай тамирчид спортын таван төрөлд өрсөлдлөө. Монголчуудын салхийг хагалж багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөв. Тэрбээр тэгшитгэлд Тунисын Ф.Гарчиг 4:1-ээр буулган авсан. Улмаар 1/32 шатанд Чилийн туршлагатай тамирчин М.Вегад 4:0-ээр хожигдлоо.
Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Э.Лхагвасүрэн АНУ-ын Н.Кумарт 4:1-ээр дийлдэн тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Жүдо бөхийн хамгийн хөнгөн хоёр жингийн барилдаан мөн өнөөдөр болов. Эрчүүдийн 60 кг-д барилдсан гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Нидерландын Т.Цакадоед нэмэлт цагт вазари үнэлгээ алдсан хожигдсон. Харин хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг урамтай сайхан барилдсаар Монголын багийн эхний медалийн эзэн болов. Манай бөх эхний хоёр тойрогт Чилийн Л.Варгас, Израилийн Ш.Ришони нарыг цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Ингээд финалд шалгарахын төлөөх барилдаанд Косовогийн Д.Красникид вазаригаар ялагдав. Манай хүнийг хожсон косово бөх финалд Японы Ф.Тонакиг хожин аваргалсан юм.
М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын К.Костаг дархан өчих мэхээрээ цэвэр ялж, гурав дахь оролдлогоороо олимпийн медальтан боллоо.
Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд залуу тамирчин О.Есүгэн өрсөлдөж, 624 оноогоор 25-р байр эзлэв. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт оров. Тэрбээр финалд шалгарахад ганцхан оноо дутлаа.
Багийн спортын төрлөөр анх удаа эх орноо төлөөлөн оролцож буй 3х3 сагсны охид эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн эсрэг хийж, 15:14-өөр тун харамсалтай ялагдав. Улмаар дараагийн тулаанаа энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр ялагдсан юм.
Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр тулалдсан. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Одоо тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг ван Нгуентэй нударга зөрүүлнэ.
Энэ өдөр 22 улс ямар нэг медаль авснаас гурван алтан медальтай БНХАУ багийн дүнгээр тэргүүлж байна.
Маргааш манайхан спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.
Өглөө 08.00 цагт эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шат явагдах бөгөөд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар онч сорино. Энэ төрлийн финалын буудлага 10.15-д эхлэх юм.
Сагсны охид өглөө 09.15-д талбайн эзэн Японтой тоглох бол 13.00-д хүчирхэг ОХУ-ын эсрэг тоглох хуваарь байна.
Харин боксчин Б.Чинзориг эхний тулаанаа узбекистаны Э.Абдураимовын эсрэг хийх гэж байна. Тэдний тулаан 17.18-д эхэлнэ хэмээн албан ёсны сайтад оруулжээ. Гэхдээ өмнөх тоглолтуудын үр дүнгээс шалтгаалаад энэ цаг өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.
Маргааш Монголын хоёр жүдоч Ё.Басхүү, Л.Сосорбарам нар татамид гарна. Энэ хоёр жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10.00-д эхлэх бол медалийн төлөөх барилдаан 16.00-д эхлэх болно.
Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.