0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

ӨНӨӨДӨР ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЖ БАЙНА

Зүүн Азийн залуучуудын наадмын тав дахь өдөр долоон спортын тэмцээн уралдаан явагдана. Өчигдөр бокс, и-спорт дууссан бол өнөөдөр хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд эхэлж байна.

Боксчид Зүүн Азийн наадмаас 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол и-спортынхон 1 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон юм.

Наймдугаар сарын 19-ний байдлаар Монголын баг 3 алт, 6 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байна.

САГСАН БӨМБӨГ

Манай сагсчид наадмын эхний өдөр хараахан хожил авч чадаагүй. Эрэгтэй баг Тайваньд эцсийн мөчид 94:97-гоор харамсалтай ялагдсан бол эмэгтэй баг Хонконгод 44:78-аар дийлдсэн.

Өнөөдөр эрэгтэй баг 17:00 цагаас БНХАУ-ын эсрэг тоглох болно. UG Arena-д явагдаж буй сагсан бөмбөгийн бүх тоглолтыг Premier Sports Network суваг шууд дамжуулан үзүүлж байна.

БАДМИНТОН

Бүс нутаг төдийгүй дэлхийд дээгүүр өрсөлддөг орны тамирчид ирж оролцсон бадминтоны тэмцээн өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хос, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн төлөөх тоглолтуудаар өндөрлөж байна.

Медалийн төлөөх тоглолтууд Футзалын ордонд 12:00 цагаас эхэлсэн бөгөөд Live TV шууд дамжуулан үзүүлнэ.

ХӨЛБӨМБӨГ

Өчигдөр манай эмэгтэй шигшээ Хонконгийн багт 5:1-ээр хожигдсон. Харин өнөөдөр эрэгтэй баг 17:00 цагаас Хонконгтой тоглох болно.

ХӨНГӨН АТЛЕТИК

Хамгийн олон буюу 22 багц медаль олгох хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөний талбайд эхэллээ.

Өнөөдөр эрэгтэй гурвын харайлт, эрэгтэй, эмэгтэй 800м, эмэгтэй уртын харайлт, эрэгтэй зээрэнцэг шидэлт, эрэгтэй, эмэгтэй 100м-ийн финалууд явагдах юм.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Өнөөдөр ширээний теннисний талбарт эрэгтэй, эмэгтэй хос, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог хосын тоглолтууд 10:00 цагаас эхлэн явагдаж байна. Тоглолтууд Ган спорт төвд болж байгаа юм.

ВОЛЕЙБОЛ

Өнөөдөр Монголын эрэгтэй баг 17:00 цагаас БНХАУ-ын эсрэг тоглоно. Буянт-Ухаа спортын ордонд болж буй волейболын бүх тоглолтыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлж байна.

ТАЕКВОНДО

Өчигдөр таеквондогийн тэмцээн эхэлж, Монголын тамирчин П.Удвал эмэгтэйчүүдийн +63 кг-д хүрэл медаль хүртсэн.

Харин өнөөдөр эрэгтэй 55, 73 кг, эмэгтэй 49, 63 кг-ын тулаанууд явагдана.

Тэмцээний урьдчилсан шат 09:00 цагаас Степпе Аренад эхэлсэн бөгөөд 15:00 цагаас хагас шигшээ, 16:00 цагаас финалын тоглолтууд болох юм.

Өнөөдөр өрсөлдөх баг тамирчдадаа амжилт хүсье!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД