"ПАРИС-2024" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын Дарга Д.Отгондалай нар тэтгэлэгт хөтөлбөрийн тамирчид болон дасгалжуулагчдыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Парис-2024” Олимпын наадам эхлэхэд өнөөдрөөс нэг жил үлдсэнийг онцолж, ирэх сард болох “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үеэр Монголд айлчлах Япон, БНСУ зэрэг Олимпын хорооны төлөөлөгчидтэй спортын холбоодын хамтаар албан уулзалт зохион байгуулж, тамирчдыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн МҮОХ-ны зүгээс “Парис-2024” Олимпод оролцох баг тамирчдаа дэмжих боломжуудыг эрэлхийлж, ОУОХ, АОЗ-ийн бусад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр түлхүү анхааран ажиллаж байгаагаа онцоллоо.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэтгэлэгт хөтөлбөрийн тамирчдад ирэх Олимпоос медаль хүртэхийг бэлгэшээж, “Ханжоу-2022” Азийн наадмын дурсгалын медалийг гардуулан бэлтгэл сургуулилт, олимпын эрх олгох тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүслээ.
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн төслийн хүрээнд хэрэгжиж буй “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт 7 спортын нийт 15 тамирчин, 13 дасгалжуулагч, хамрагдаж байгаа бөгөөд 4 сар тутамд тамирчин 1,500 ам.доллар, дасгалжуулагч 500 ам.доллар, спортын холбоо 100 ам.долларын дэмжлэгийг тус тус хүртэж байна.