“НИЙТИЙН ХӨЛБӨМБӨГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монголын хөлбөмбөгийн холбоо 8 жил-8 зорилгын хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” төслийг хэрэгжүүлж буй. Энэ төслийн нэг хэсэг болсон олон нийтэд хөлбөмбөгийг сурталчлах өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийв.
Уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн тамгын газар, нийслэлийн ЗДТГ, нийслэлийн БТСГ-тай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нар ирж оролцлоо.
Мөн төслийг дэмжиж манай эх оронд хүрэлцэн ирээд буй Францын алдарт хөлбөмбөгч, ДАШТ-ий мөнгөн медальт, Английн “Арсенал”, “Челси”, “Тоттенхэм” багуудад тоглож явсан хамгаалагч Уильям Галлас нээлтэд оролцсон юм.
Энэ үеэр Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баг тамирчдад төрийн далбаа гардуулж өгөв. Мөн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох 17 хүртэлх насны охидын шигшээ багийн тамирчдад нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн далбаа гардуулж өглөө.
Хөлбөмбөгийг сурталчлах өдөрлөг тавдугаар сарын 18-ныг дуустал төв талбайд үргэлжлэх бөгөөд энэ үеэр клубүүд, шигшээ багийн тамирчид хуваарийн дагуу хүрэлцэн ирж үзүүлэх бэлтгэл хийх юм.
“Нийтийн хөлбөмбөг” төслийн тухайд найман жилийн турш үргэлжлэх бөгөөд үүний хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт зориулалтын хөлбөмбөгийн талбай байгуулах, багш дасгалжуулагчдыг сургалтад хамруулах зэрэг олон ажлыг Монголын хөлбөмбөгийн холбоо хийхээр төлөвлөөд байна.