ХӨЛБӨМБӨГ: ЭРЭГТЭЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО
Зүүн Азийн залуучуудын наадмын хөлбөмбөгийн тэмцээн зургаан өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
И.Отгонбаяр дасгалжуулагчийн удирдсан Монголын эрэгтэй шигшээ сүүлийн тоглолтод Хятадын Макаог 3:0-ээр буулгаж авснаар хүрэл медалийн эзэд болсон юм.
Тоглолт эхлээд таван минут өнгөрч байхад шигшээ багийн довтлогч У.Тэмүлэн чөлөөт цохилтоос гоол хийж, давуу байдлыг багтаа авчирсан. Тэрбээр өмнөх тоглолтод мөн гоолдож байсан билээ.
Харин 63 дахь минутад Н.Эрдэнэбаатар хурц өнцөгөөс гуядаж цохин гайхалтай гоол оруулж, ялалтаа баталгаажуулсан юм.
Улмаар Ч.Манлай 81 дэх минутад гурав дахь гоолыг оруулж, тоглолтын эцсийн цэгийг тавилаа.
Одоогоос 30 жилийн өмнө “Шанхай-1993” Зүүн Азийн наадамд Монголын хөлбөмбөгийн шигшээ анхлан оролцож, спортын наадамд оролцох шангаа татаж байсан бол дүү нар нь эх орондоо зохиогдсон Зүүн Азийн залуучуудын наадмаас ийнхүү хүрэл медаль хүртэж байна.
Монголын багийн медалийн тоог нэмсэн хөлбөмбөгчдөдөө баяр хүргэе!
МҮОХ-ны Албан ёсны түнш Евро Трэйвел ХХК/Парис 2024