АЗИЙН НААДМЫН ГАРЫН АВЛАГЫГ СПОРТ ХОЛБООДОД ХҮРГҮҮЛЭВ
Азийн танхимын болон тулааны спортын 6-р наадам энэ оны тавдугаар сард Тайландын Бангкок болон Чонбури хотод болох байсан ч коронавирусийн халдварын улмаас 2022 оны гуравдугаар сарын 10-20-нд зохиогдохоор болж хойшилсон. Тэгвэл наадмын Зохион байгуулах хорооноос спортын төрлүүдийн гарын авлага Technical handbook илгээснийг спорт холбоодод хүргүүлж, мэдээллээр хангалаа. Энэхүү гарын авлагад наадмын тэмцээн уралдаан ямар төрөл, зай, жингээр зохиогдох, тамирчдын мэдүүлгийг хэдийд авах, тэмцээн уралдаан хаана, ямар заал танхимд болох зэрэг оролцогчдод хэрэгтэй бүхий л мэдээллийг багтаасан байна.
Мөн Бангкок, Чонбури хотуудын танилцуулга, нийтийн тээврийн сүлжээ, цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээлэл, тэмцээн уралдаан явагдах цогцолборуудын байршил зэрэг чухал мэдээллүүдийг оруулжээ.
Азийн танхимын болон тулааны спортын наадамд шар тивийн 45 улсын тамирчид 29 спортын төрөлд 290 багц медалийн төлөө өрсөлдөнө.
2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадамд манайхан 71 тамирчинтай оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилтаар 13-р байрт бичигдэж байв.