ОУОХ-НООС УКРАИН БОЛОН ОХУ, БЕЛАРУСИЙН ТАМИРЧДАД БАРИМТЛАХ АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах 2023 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хороод, Олон улсын спорт холбоод, Тамирчдын комиссын төлөөлөлтэй цахим уулзалт хийсэн бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Украины эв нэгдэл болон ОХУ, Беларусийн эсрэг арга хэмжээ, эдгээр орны тамирчдын талаар доорх байр суурийг илэрхийллээ.
Үүнд:
-Олон улсын спорт холбоод, үндэсний олимпын хороодоос ямарваа нэгэн олон улсын спортын арга хэмжээг ОХУ, Беларусь улсад зохион байгуулахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх
-Тус хоёр улсын далбаа, төрийн дуулал, бэлгэдэл болон эдгээр улсыг илэрхийлэх өнгө, аливаа зүйлийг хурал цуглаан, тэмцээн уралдааны үеэр ашиглахгүй байх
-ОХУ, Беларусийн улс төрийн албан тушаалтныг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөнд урихгүй байх хориг арга хэмжээг дахин баталгаажуулах
- “Парис 2024”, “Милан-Кортина 2026” олимпын наадмуудад Украины ҮОХ-ноос илүү хүчтэй багаа оролцуулахад нь туслах зорилгоор тамирчдад үзүүлж буй одоогийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, цаашид нэмэгдүүлэх
- Олон улсын холбоод, үндэсний олимпын хороодыг Украины тамирчдын тэмцээний оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан бэлтгэлд хамруулах тал дээр бүхий л хүчин чадлаа гаргаж ажиллахыг уриалав.
Мөн цахим уулзалтад оролцогчдоос гаргасан доорх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Үүнд:
-Тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байж, бүх тамирчид ижил тэгш эрхтэй байна гэсэн ОУОХ-ны хартийг баримтлах
-ОХУ, Беларусийн тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцохоор бол “төвийг сахисан” байрь суурьтай байх, улсаа илэрхийлэх туг далбаа, бэлгэдэл зэргийг ил харуулахгүй байх
-Засгийн газраас тамирчдаа ямар тэмцээнд орохгүй байх, ямар тэмцээнд орохыг шийдэж болохгүй
-Тамирчид дайныг дэмжсэн утга агуулга бүхий зүйл илэрхийлж болохгүй
-Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байх
-Азийн олимпын зөвлөлөөс Ази тивд зохиогдож буй тэмцээнд ОХУ, Беларусийн жирийн тамирчдыг оролцуулахыг санал болгосныг хүлээн авах
-Хэрэв оролцогч тамирчин эдгээр шаардлагыг хангаагүй бол тэмцээнээс тэр даруй хасах, улмаар ОУОХ-нд мэдэгдэж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөх.