0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖҮДОЧИД СОЛОНГОСЫН БАГИЙГ 4:1-ЭЭР ХОЖЛОО


Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарав. Монгол, Солонгос энэ олимпоос адилхан нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, тэнцүүхэн өрсөлдөгчид гэж болно.

Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялав.

БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарав. Тэрбээр энэ удаа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч яллаа. Хожлын харьцаа 1:1.

Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.

Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв.

Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа. 
Одоо манайхан шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.

Монгол-БНСУ 4:1
Ө.Дүүрэнбаяр - Ким Мин Жон  0:1
Д.Сумъяа - Ким Жи Сү  1:1
Ц.Цогтбаатар         - Ан Чан Рим 2:1
Б.Ганхайч - Ким Сеон Гён         3:1
Г.Алтанбагана        - Гвак Дон Хан         4:1

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД