“ТОКИО-2020” ОЛИМПИЙН СОФТБОЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Зуны олимпийн ХХХII наадмын спортын уралдаан тэмцээн өнөөдөр Японы цагаар өглөөний 09 цагт, олимпийн албан ёсны нээлтийн ажиллаганаас хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг, софтбол зэрэг зарим багийн спорт олимпийн нээлтээс өмнө тэмцээн нь эхэлдэг) софтболын тоглолтоор, бүр тодруулбал Япон болон Австралийн багийн тоглолтоор эхэллээ.
Дашрамд дурдахад, бейсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпийн хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) анх багтсан бөгөөд харин 2012, 2016 оны олимпийн хөтөлбөрт ороогүй билээ. Олимпийн аваргаар АНУ-ын софтболчид гурван удаа (1996, 200, 2004), Японы баг нэг удаа (2008) тодорч байсан бол "Токио-2020" олимпийн анхны зочид болох Австралийн баг 2004 онд мөнгө, 1996, 2000, 2008 онд хүрэл медаль зүүж байв.
“Токио-2020” олимпийн софтболын төрөлд Япон, АНУ, Австрали, Канад, Мексик, Итали гэсэн зургаан баг өрсөлдөх юм.
Өнөөдөр мөн хөлбөмбөгийн эмэгтэй багуудын тоглолт эхэлнэ.
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.