МАРАФОНЧ Б.МӨНХЗАЯА УЛИРЛЫН ШИЛДЭГ АМЖИЛТАА ҮЗҮҮЛЭВ
Өнөөдөр өглөө 05.00 цагт (Улаанбаатарын цагаар) Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпийн марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив.
Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг бас л чанга даа.
Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Манай Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2.37:08 (цаг, минут, секунд) амжилттай гүйж, 45-р байрт орлоо.
Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадлаа.
Эмэгтэй марафоны дүн
1.Перес Жепчирчир (Кени) 2.27:20
2.Юригит Косгеи (Кени) 2.27:36
3.Молли Сейдел (АНУ) 2.27:46
...45.Б.Мөнхзаяа (Монгол) 2.37:08
"Таван цагариг"-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.