СПОРТЫН САЛБАРТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
Спортын салбараас хөдөлмөрийн баатар 1, ардын багш 2, гавьяат дасгалжуулагч 2 гавьяат тамирчин 6 төрлөө.
Дундговь аймгийн Салхитын Мөнгөний ордыг түшиглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдаж, Монгол Улсын нийт 230 мянган ахмад буурлуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадуудад байгалийн хишиг 1 сая төгрөгийн хувь хүртэх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг тавьсныг үнэлж, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цол олгосон бол Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав, Төв аймаг болон Дархан-Уул аймгийн волейболын ахлах дасгалжуулагч Бядаажавын Уранчимэг нарт гавьяат дасгалжуулагч цол олгожээ.
Түүнчлэн хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар, холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв, сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнэ нарт гавьяат тамирчин цол хүртээсэн байна.
Харин Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан, спортын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат нар шагнагдсан байна.
Та бүхэнд халуун баяр хүргэе!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО