ФИНЛАНДЫН ХОККЕЙЧИД ОРОСУУДЫН ЭСРЭГ МАСКТАЙ ТОГЛОВ
Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн сүүлийн тойрогт Финландын шигшээ Оросын ҮОХ-ны багтай таарсан. Тус тоглолтод Финландын багийн тамирчид маск зүүн тоглолоо. Өмнө нь Оросын ҮОХ-ны багийн хэд хэдэн тамирчны шинжилгээ эерэг гарсан тул болгоомжлох үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Тус тоглолтод фин бүсгүйчүүд 5:0-ээр ялж, хэсгээс гурваар шалгарсан бөгөөд шөвгийн наймд энэ тэмцээний гол сенсаацын эзэн Японтой таараад байгаа юм.
Финландын дасгалжуулагч Ж.Тойвола энэ шийдвэрийнхээ талаар “Бид бүгд эрүүл байгаасай гэж л хүссэн. Тамирчид маань маск зүүн тоглосондоо сэтгэл хангалуун байгаа” хэмээн ярьжээ.
Харин Оросын багийн тоглогч А.Гончаренко дээрх шийдвэрт огт эмзэглээгүй гэдгээ хэлсэн байна. “Бид ч, тэд ч шинжилгээ нь сөрөг гарсан болохоор л талбайд гарсан. Маск зүүх эсэх нь тэдний л асуудал” гэсэн байна.
Үүнээс өмнө Канадын шигшээ мөн Оросын ҮОХ-ны багийн эсрэг маск өмсөн тоглосон билээ.
Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний шилдэг найман баг өдгөө тодроод байгаа бөгөөд энэ даваанд Канад-Швед, Оросын ҮОХ-Швейцар, АНУ-Чех, Финланд-Япон гэсэн оноолт таараад байна.