ЯПОНЫ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ОЛИМПИК ХАУСТ ХҮЛЭЭН АВАВ
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы 160 гаруй зочид төлөөлөгчид манай эх оронд хүрэлцэн ирээд буй. МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр Японы зочид төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авч, уулзалт өдөрлөг зохион байгууллаа.
Уулзалт өдөрлөгт МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон “Токио-1964” олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Б.Санжаа, “Токио-2020” олимпын хүрэл медальт Б.Болортуяа нар оролцов.
Энэ үеэр Азийн Тийболын холбооны дэд тэргүүн Каваүчи Широг МҮОХ-ны “Алтан очир” одон, Васэдагийн их сургуулийн хүндэт профессор, Азийн Тиболын холбооны тэргүүн Ёшимүра Тадаши, Анан хотын Захиргаа, аж үйлдвэрлэл хариуцсан хэлтсийн дарга Тачибана Кейжи нарыг МҮОХ-ны Алтан медалиар шагнаж урамшуулав.
Түүнчлэн “Токио-2020” олимпын дурсгалын медальоныг Анан хотын ИТХ-ын гишүүн Савамото Кацүхико МҮОХ-нд дурсгав.
Арга хэмжээний үеэр өсвөрийн харваач Б.Намуун, Б.Мөнхбат нар сур харваж, үндэсний спортын онцлогийг зочдод харуулсан.
Мөн “Хуурнин шуугигч” хүүхдийн барилдаанд 32 түрүүлсэн босоо аварга А.Даваабаатар, 22 түрүүтэй А.Ананд тэргүүтэй өсвөр бөхчүүд үндэсний бөх барилдаж сонирхуулсан юм.
Үүний дараа Японы зочид төлөөлөгчид Монголд шинэ тутам хөгжиж буй Тийболын спортын нөхөрсөг тэмцээнийг үзэж сонирхлоо.