0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЦАГААН ОЛИМПЫН ТҮҮХЭЭС - "СКВО ВЭЛЛИ-1960"

 

“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.

                                                            ***                          ***                       ***

Өвлийн VIII олимпыг тодруулах сунгаа тун өрсөлдөөнтэй болжээ. Нийт дөрвөн хот нэрээ дэвшүүлснээс эхний шатанд Швейцарын Санкт Мориц, Германы Гармиш Партенкирхен хасагдав. Харин эцсийн шатанд үлдсэн хоёрын “тулаан”-д Америкийн Скво Вэлли Австрийн Инсбрукийг 32:30 буюу хоёрхон саналын илүүгээр давамгайлжээ. Ингэснээр америкчууд цагаан олимпыг хоёр өөр хотдоо хүлээн авсан анхны улс болсон юм.

Үнэнийг хэлэхэд санал асуулгад Скво Вэллийг ялна гэж таамагласан хүн ховор байх. Тахо нуурын эрэг дээрх жижиг хот Скво Вэлли тавиад оны үед 50 ортой ганц эмнэлэг бүхий жижиг тосгон байж. Гэвч Америкийн саятан Александр Кашинг энэхүү буйдхан газраа олны хөлд дарагдсан хот болгохыг хүсчээ.

Ингээд тэрбээр Скво Вэллиг олимпын сунгаанд сойх кампанит ажлыг биечлэн удирдаж, эхлээд Калифорни мужийн амбан захирагч дээр орсон байна. Захирагч Г.Найт тэдний санаачилгыг дэмжиж, нэг сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Ингээд санхүүгийн суурьтай болсон тэд улсынхаа ҮОХ-нд хандав. Асуудал улам дээшилж, конгрессоор хэлэлцүүлсний эцэст Скво Вэлли албан ёсоор Америкийг төлөөлөхөөр боллоо.

Уулын цанын ганцхан замаас өөр олимп хүлээн авах ямар ч бүтээн байгуулалтгүй тус хот ийнхүү нэрт бизнесмэнүүдийнхээ ачаар олимпын сунгаанд ялалт байгуулжээ.

Скво Вэлли ингэснээр олимпыг зохион байгуулахын тулд бүхнийг тэгээс эхлэхээр болсон юм. Гэхдээ тэд амлалтдаа хүрч чадсан. Зохион байгуулагчид богино хугацаанд олимп явагдах ордон, зам талбайг бүтээн байгуулав. Энэ олимпоос эхлэн тэшүүр, уран гулгалт, хоккейн тамирчид анх удаа битүү дээвэртэй ордонд өрсөлдөх болжээ. Түүнчлэн түүхэнд анх удаа тамирчдын тосгоныг байгуулсан байна. Энэ бүх бүтээн байгуулалтад 80 гаруй сая ам.доллар зарцуулсан нь тухайн үедээ санаанд багтамгүй их мөнгө байлаа.

Гэвч хөрөнгө оруулагчид санхүүгийн байдлаас болоод бобслейн зам барихаас татгалзахад хүрчээ. Ингэснээр бобслейн спорт анх удаа цагаан олимпын хөтөлбөрт багтсангүй.

Нэлээд их адал явдалтай тулгарч байж зохиогдсон тус олимпод 30 орны 665 тамирчин (үүнээс 144 нь эмэгтэй) хоккей, уран гулгалт, тэшүүр, уулын цана, цана, цанын хоёр төрөлт, трамплинаас харайлт, биатлон гэсэн найман спортын төрөлд 27 багц медалийн төлөө өрсөлдөв. Энэ олимпод ӨАБНУ орсон нь хар тивийнхний хувьд анхны тохиолдол байлаа.

Гэхдээ олимп эхлэхийн өмнө улс төрийн шалтгаантай хүндрэлүүд гарч байв. Тухайн үед Америк, Зөвлөлтийн харьцаа хүйтрээд байсан тул зохион байгуулагчид коммунист улсуудыг олимпод оролцуулахгүй гэв. Тиймээс коммунист системийн орны тамирчдад виз олгохоос татгалзжээ. Гэвч ОУОХ тэдний олимп зохион байгуулах эрхийг цуцална гэж сүрдүүлсний хүчинд ийм аюул тулгарсангүй. Түүнчлэн Баруун Германы тамирчид Зүүнтэйгээ хамт олимпын нээлтэд жагсахыг хүсээгүй тул ОУОХ-ны туган дор жагсав. Мөн хятадууд Тайванийг тусад нь оролцуулахгүй, өөрийн туган дор байлгахыг ОУОХ-ноос шаардав. Үүнд нь татгалзсан хариу өгсөн тул Хятадын тамирчид Америкийг зориогүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс төрийн иймэрхүү асуудлууд ОУОХ-ны толгойны өвчин болж байлаа.

Өөр нэг хүндрэл байсан нь Скво Вэлли далайн түвшнээс дээш 1889 метрийн өндөрт оршдог явдал. Ихэвчлэн нам дор газар амьдар­­даг европчуудын хувьд энэ нь эрүүл мэндийн хүндхэн асуудал дагуулж байсан юм. Тиймээс тамирчид нь олимпын өмнө өндөрлөг газар бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. ЗХУ-ын тамирчид гэхэд Казахстаны нутагт орших 1691 метр өндөрт өргөгдсөн Медеод олимпын бэлтгэлээ базаасан гэдэг.

Олимпын хөтөлбөрт биатлон анх удаа багтжээ. Гэхдээ энэ удаа тамирчид эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан гэсэн ганц төрөлд өрсөлдсөн юм. Тамирчид нэг сум алдахад хоёр минутын торгууль хүлээж байлаа. Шведийн Клас Лентандер биатлоны түүхэн дэх анхны алтан медаль хүртсэн юм. Түүний гулгалтын хурд оролцсон 30 тамирчны 15-д орох хэмжээнд байсан гэдэг. Гэхдээ мэргэн буудлагынхаа ачаар (тэрбээр сум алдаагүй цорын ганц тамирчин) бүгдээс түрүүлэн барианд оржээ. Тухайн үед биатлон улс орнуудад сайн хөгжөөгүй байсан тул 20 сумныхаа 18-ыг алдаж, 36 минутын торгууль хүлээх нэгэн ч байв.

“Скво Вэлли-1960”-ын баатар нь маргаангүй Францын уулын цаначин Жан Вюарне байв. Бусад тамирчид модон цанатай байхад тэрбээр өвөрмөц метал цанатай уралдаж, олны нүдийг хужирлажээ. Мөн тэрбээр толгойгоо урагш бөхийлгөн, хөлөө бага зэрэг нугалж уралдсан нь хожим уулын цаначдын сонгодог техник болсон юм. Вюарне уулнаас 115 км/цаг хурдтай бууж, тухайн үеийн рекордыг тогтоож байлаа.

Орон нутгийн сэтгүүлчид хошигнон “Жан Вюарне Калифорни мужийн хуулийг зөрчлөө” хэмээн бичиж байжээ. Мужийн хуулиар бол машинтай хүн 100 км/цагаас илүү хурдалж болдоггүй байж. Жан өвөрмөц цанынхаа ачаар даунхил төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.

Гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1500, 3000 метрт ЗХУ-ын алдарт тамирчин Лидия Скобликова түрүүлэв. Мөн эрэгтэйчүүдийн 500, 1500 метрт түүний нутаг нэгт Евгений Гришин бүхнээс хурдан байлаа. Энэ алдарт тамирчин дайны үед хүнд шархдан хөлөө тайруулахдаа тулж байсан гэдэг. Мөн зүрхний дутагдалтай байсан бөгөөд уралдааны өмнөх эмчийн үзлэгийн үеэр ухаан алдан унажээ. Эмч нар түүнийг уралдахыг хориглосон ч бүх эрсдэлийг өөрөө хүлээнэ гэсэн бичигт гарын үсэг зурсны эцэст тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан юм. 1500 метрийн уралдаанд эхний байр эзэлсэн хоёр тамирчны цаг дахиад тэнцэв. Тиймээс ЗХУ-ын Е.Гришин, Ю.Михайлов нарт алтан медалийг хуваан олгосон байна. Ийм явдал өмнөх олимпод бас тохиож байв.

Уран гулгалтын хоёр төрөлд Америкийн тамирчид давамгайлсан бол оросууд анх удаа оролцоод дээд тал нь зургадугаар байр эзэлжээ.“Скво Вэлли-1960”-аас гурван медаль хүртсэн цорын ганц тамирчин бол финланд цаначин Вейкко Хакулинен. 35 настай тэрбээр 4х10 км-ийн буухиад түрүүлж, 50 км-ын марафонд аман хүзүүдэн 15 км-ээс хүрэл зүүсэн юм.

Хоккейн тэмцээнд эзэн орны тамирчид анх удаа түрүүллээ. Тэд шигшээ шатанд гол өрсөлдөгч Канадыг 2:1, ЗХУ-ыг 3:2-оор буулгаж авсан юм. ЗХУ-ыг хожсон тоглолтод Америкийн довтлогч Уильям Кристиан хоёр шайб хийж, гол баатраар тодорсон байна. Сонирхуулахад түүний хүү Дэйв 1980 оны олимпод шигшээдээ багтан мөн алтан медаль авч байжээ.

Мөнгөн медалийн төлөөх тулаанд канадчууд Зөвлөлтийн хоккейчдыг 8:5-аар илүүрхсэн юм. Хойд хөршийн баг хүрэл дээр буусан нь ЗХУ гэж байх үеийн хамгийн тааруу амжилт болжээ. Багийн дүнгээр ЗХУ урьдын адил манлайлж, Зүүн, Баруун Германы нэгдсэн баг анх удаа аман хүзүүдэв. Харин зохион байгуулагч америкчууд гуравласан байна.

Энэ удаагийн олимпыг цэнхэр дэлгэцээр сая гаруй хүн шууд үзэж сонирхсон нь шинэ дээд амжилт боллоо. Түүнчлэн ОУОХ телевизийн эрхийн гэрээг анх удаа 50 мянган ам.доллараар арилжсан юм.

Америкчууд нээлт, хаалтын ёс­лолын ажиллагааны найруулаг­­чаар алдарт Уолт Диснейг томил­­сон байна. Тэрбээр ёслолын ажиллагаанд 1285 оркестр суулгаж, 2645 хүүхдийн найрал дууг эгшиглүүлсэн юм. Мөн 2000 гаруй тагтаа тэнгэрт хөөргөсөн нь олимпын наадмын торгон агшны нэг байлаа.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс                     Алт      Мөнгө    Хүрэл       Нийт

1. ЗХУ                  7             5            9             21

2. Герман            4             3            1              8

3. АНУ                 3             4            3             10

4. Норвеги          3             3           -               6

5. Швед               3             2            2              7

6. Финланд         2             3            3              8

7. Канад              2             1            1              4

8. Швейцар         2             -             -             2

9. Австри            1             2            3              6

10. Франц           1             -            2              3

11-12. Нидерланд -          1            1              2

11-12.Польш        -            1            1             2

13. Чехословак  -              1            -              1

14. Итали            -             -             1             1

Нийт                   28           26           27          81

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД