0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

“УЛААНБААТАР-2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам эхлэхэд тав хоног үлдээд байна. Манай эх оронд анх удаа спортын олон төрөлт наадам зохиогдох мөч ойртсонтой холбогдуулан эргэн тойрны мэдээллээс хүргэе.

Тасалбар

Наадмын нээлтийн ёслол болон тэмцээн уралдааны тасалбар худалдаанд гарч эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолын тасалбар суудлаасаа хамаараад 10, 20 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Тасалбарыг ticket.mn сайтаар цахимаар захиалж болохоос гадна Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхараас, Нарантуул худалдааны төвийн төв хаалганы хажуу талын үйлчилгээний цэгээс, ИМарт сүлжээ дэлгүүрийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Нээлт наймдугаар сарын 16-ны 20 цаг 23 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Харин спортын тэмцээн уралдааны тасалбарын тухайд 5-10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Медаль

Монгол гэрийн унь, тооныг дээрээс нь харуулсан загвар бүхий наадмын медаль тун өвөрмөц шийдэлтэй болсон гэдгээрээ олны анхаарлыг татаад байна.

Медалийн эх загварыг дархан Б.Занабазар гаргасан бөгөөд нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх утга санааг агуулжээ. Медалийн деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь гол онцлог болж байна.

Медалийн диаметр 7 см бол жин 165 гр.

Тэмцээн зохиогдох газар

Наадмын тэмцээн уралдаан спортын 10 барилга байгууламжид зэрэг явагдана.

Тухайлбал, хөнгөний тэмцээнүүд Налайхын хөнгөн атлетикийн талбайд, бадминтоны тэмцээн Футзалын ордонд, хөлбөмбөгийн тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд, Ган аренад 5х5 сагсан бөмбөг, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөг, Монгол бөхийн өргөөнд бокс, “Степпе арена”-д жүдо, чөлөөт бөх, таеквондо, Ган спорт төвд ширээний теннис, Соёлын төв өргөөнд электрон спорт, “Буянт-Ухаа” спортын ордонд волейболын тэмцээн тус тус зохиогдох юм.

Оролцогчид

Наадамд 7 Үндэсний олимпын хорооны 850 гаруй тамирчин, 450 эмч, дасгалжуулагч, 150 гаруй шүүгч, техникийн ажилтан болон 2500 гаруй сайн дурын ажилтнууд оролцоно.

Гадаадын баг тамирчдын түрүүч 13-наас манай эх оронд газардах юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД