0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛЫН ЦАНЫН ХОЛБОО БОЛОН “СКАЙ РЕСОРТ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монголын цанын холбоо болон “Скай ресорт” компанийн төлөөлөл МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай ажил хэргийн яриа өрнүүллээ. Уулзалтад “Скай ресорт” компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан, өвлийн спорт хариуцсан мэргэжилтэн, цанын ОУХМ Д.Очирсүх, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од нар байлцав.

 

 

“Скай ресорт” төв байгуулагдсан цагаасаа хойш Монголын өвлийн спортын тамирчдыг дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлэхээс гадна цанын баазаа ирээдүйд спортын том комплекс болгон хөгжүүлэх бодолтой байгаагаа Б.Жавхлан захирал хэлэв. Үүний эхлэл болгож багагүй ажил хийгээд эхэлжээ. Тухайлбал, бага насны хүүхдэд зориулсан эхлэн суралцагчийн зам байгуулснаас гадна олимпын тамирчдад зориулсан ойрын зайн зам байгуулахаар төлөвлөсөн байна.

“Гадаадын тэмцээн уралдаан ямар замд явагддаг билээ, яг түүн шиг замын ховил, налуу гадаргууг тооцсон, олон улсын стандартад нийцсэн зам байгуулна. Мөн сноуборд, фристайл, слаломын төрлийн зам байгуулахаар төлөвлөж байна. Гүйлтийн цана манайд харьцангуй өндөр түвшинд хөгжсөн, тамирчид нь олимпын эрхээ аван уралддаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Харин одоо цанын бусад төрлүүдээ хөгжүүлэхэд түлхүү анхаарна” хэмээн менежер Д.Очирсүх ярив.

“Сүүлийн үед иргэд гэр бүлээрээ ирж гулгах сонирхолтой болсон. Амралтын өдрүүдэд бол дараалал ихтэй болж, хүүхдүүд гулгах ээлжээ хүлээгээд зогсдог. Тиймээс бид анхлан суралцагчдад зориулсан зам шинээр барьж байна. Цанын зам байгуулах нь маш өндөр өртөгтэй байдаг. Ганц зам байгуулахад л сая ам.долларын зардал гарах жишээний. Мөн хиймэл цас цацах зориулалтын буу гэхэд 200 сая төррөг гээд зардал их. Гэхдээ бид зардал мөнгөнөөс айгаад суух биш, болгож бүтээхийн төлөө явах л ёстой” хэмээн Б.Жавхлан захирал тайлбарлав.

МҮОХ-ны зүгээс цаначдаа чадлынхаа хэрээр дэмжиж, бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар хэлэв. Улмаар талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцлоо.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД