0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

102, 127-Р СУРГУУЛИЙН ОЛИМПЫН ТАНХИМТАЙ ТАНИЛЦЛАА

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан тавдугаар сарын 15-ныг хүртэл улс орон даяар өрнөж буй. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр болзолт уралдааны явцтай танилцах үүднээс Баянзүрх дүүргийн 102, 127-р сургуульд зочиллоо.

Дарь-Эхэд байрлах 102-р сургуулийн тухайд нэгдүгээр давхраа олимпын танхим болгон тохижуулжээ. Улмаар “Олимп-Эв нэгдэл” танхимынхаа нээлтийг өнөөдөр хийв. Ёслолын арга хэмжээнд сургуулийн захирал Б.Оюунцэцэг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Баянзүрх дүүргийн “Нагано” олимпын зөвлөлийн дарга Ч.Төмөрчөдөр, тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр нар байлцав.

Сургуулийн зүгээс болзолт уралдааны хүрээнд олимпын танхимаа шинээр тохижуулсны зэрэгцээ сурагчдын дунд эсээ бичлэг, шүлэг, ханын сонин, гар зураг, баримлын уралдаан, сагс, хөлбөмбөг, волейболын тэмцээн зохион байгуулж, бүтэн сарын турш спорт, олимпизмоор амьсгалсан байна.

Мөн хичээлийн хөтөлбөр болгондоо спорт, олимпизмын агуулга оруулсан нь тун өвөрмөц шийдэл болсон байв. Тухайлбал, түүхийн хичээл дээр эртний олимпын түүх, орчин үеийн олимпын үүсэл хөгжлийн талаар заасан бол англи хэлний хичээл дээр олимптой холбоотой материал, эхүүд орчуулах зэргээр холбожээ. Мөн математикийн хичээлд спортын төрлүүдийн хурд, хүчийг тооцоолох бодлого оруулсан нь сурагчдад таалагдсан болохыг сургуулийн захирал Б.Оюунцэцэг танилцуулав.

“Бид зориуд үүдний коридорын хэсгээ олимпын мэдлэг олгох танхим болгон тохижуулсан. Сурагчид нь хажуугаар нь зөрж өнгөрөх бүртээ олимпын мэдлэгээ арвижуулах боломжтой” хэмээн Б.Оюунцэцэг захирал тайлбарлав.

Харин Л.Батдэлгэр төлөөлөгч “хотын төвийн мундаг сургуулиудаас илүү тохижолт хийсэн байна” хэмээн 102-р сургуулийн хамт олныг үнэллээ.

127-р сургуулийн тухайд байгуулагдаад таван жил болж буй. Бас л захын хорооллын ачаалал ихтэй сургууль. Хэдий тийм ч сургуулийн удирдлагууд эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, хөлбөмбөгийн талбай, сагсны талбай байгуулж, мод тарьж ногоон орчин бүрдүүлжээ.

“Энэ хавийн хүүхдүүдийн тоглох ганц газар нь манай сургуулийн хөлбөмбөг, сагсны талбай” хэмээн сургуулийн захирал С.Хүрэлбаатар хэлсэн юм.

Тус сургууль болзолт уралдааны хүрээнд эцэг эх, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулснаас гадна олимпын танхимаа шинэчлэн тохижуулжээ. Мөн олимпын сэдэвт сургалтыг хичээл бүр дээр орсон байна. Сурагчид технологийн хичээл дээр олимпын бэлгэ тэмдэг болсон амьтдыг өөрсдөө оёсон бол дуу хөгжмийн хичээл дээр олимпын сүлд дууллыг дуулж сурсан байна.

Ийнхүү Дарь-Эхэд байрлах хоёр сургууль болзолт уралдааны хүрээнд их ажил хийж амжуулсан нь нүднээ илхэн байв. Болзолт уралдаан тавдугаар сарын 15-нд өндөрлөж, дүнгээ гаргана.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД