"Village Plaza"-д зочлоод Samsung гар утас бэлгэнд авна
Олимпийн наадамд оролцогч тамирчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, зохион байгуулагч орны түүх соёлтой танилцах боломж олгодог газар бол “Village Plaza”. Дэлхий дахиныг түгшээгээд буй Ковид-19 цар тахлаас болж тамирчид наадмын хугацаанд тамирчдын тосгон, тэмцээний заал, бэлтгэлийн талбайг л зорих боломжтой энэ үед хамгийн эрэлттэй газрын нэг нь “Village Plaza” болоод байна.
Тамирчид “Village Plaza” -д зочилсноор ОУОХ-ны түнш Samsung брэндийн Galaxy S21 5G утсыг бэлгэнд авах боломжтой. Samsung компанийн зүгээс олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад хамгийн сүүлийн загварын гар утас бэлэглэдэг уламжлал энэ жил ч давтагдах юм.
Түүнчлэн “Village Plaza”-д үсчинд орж, маникюр хийлгэж, кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, фитнесс төвөөр үйлчлүүлэхээс гадна тухайн улсын сэтгүүлчидтэй mix zone дээр ярилцлага өгөх боломжтой. Мөн олимпийн наадмын Зохион байгуулах хорооны ивээн тэтгэгч алдарт Asics брэндийн наадамд зориулан гаргасан дэлгүүрээс бэлэг дурсгалын зүйлс худалдан авч болно. Сонирхуулахад, тус плазаг Японы бүх хот, мужаас ирүүлсэн модоор барьж босгосон бөгөөд олимпийн дараа тухайн аймаг, хот руу нь буцаан илгээхээр төлөвлөж байгаа юм байна.