ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
МҮОХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа болон албаны бусад хүмүүс байлцав.
Хамтын ажиллагааны хүрээнд ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас хэрэгжүүлж болохуйц төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан олимпын боловсрол олгох төслийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон спортоор хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор спортын алдартнуудтай уулзалт өдөрлөг зохион байгуулах арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Мөн тус төвийн шилдэг ажилтнуудад спортын наадмуудыг үзэх эрхийг тусгайлан олгох юм.
Хамтын ажиллагааны хүрээнд залучуудын олимпын наадамд оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломж бүрдэж байна.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “ОУОХ-ноос эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах бодлого баримталж байгаа. Коронавирусийн цар тахлын үед хамтын ажиллагаа улам эрчимжиж, үүний хүчинд олимпын наадмыг тасалдалгүй зохион байгуулсныг бид мэднэ.
МҮОХ-ны хувьд ОУОХ-ны энэ жишгээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаадаа баяртай байна” гэв.
Харин ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ сайхан өдөр бид МҮОХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсандаа баяртай байна.
Дэлхийн чиг хандлагаас харахад спорт, урлагийн манлайлагчид эрүүл мэндийн байгууллагатайгаа тогтмол хамтарч ажилладаг. Энэ жишгийн дагуу ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах болсон МҮОХ-нд олонд хувиасаа болон бидний ирээдүй болсон хүүхдүүд, эхчүүдийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.