ТАМИРЧДЫН ФОРУМД 44 ҮОХ ТӨЛӨӨЛӨГЧӨӨ ИЛГЭЭНЭ
Ирэх сард Тайландын Бангкок хотноо хоёр өдөр үргэлжлэх Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын форумд 44 ҮОХ төлөөлөгчөө илгээхээр болсныг зохион байгуулагчид мэдэгдлээ.
“Олимпын эв санааны нэгдлийн сантай хамтран зохион байгуулах Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын чуулга уулзалтад 44 ҮОХ 89 төлөөлөгчөө илгээх болсныг дуулгахад таатай байна” хэмээн АОЗ-ийн Тамирчдын комиссын Хөгжил, тусгай төслүүдийн хэлтсийн дарга Тони Тарраф хэлэв.
Гуравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Бангкок хотын Сентара Гранд зочид буудалд болох хоёр өдрийн форумыг АОЗ-ийн Тамирчдын комиссын дарга Микако Котани, дэд дарга Тайаб Икрам нар удирдан явуулах юм.
Форумын үеэр тэмцээний хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх, тамирчны карьерийн дараах амьдрал, допингийн эсрэг хийх тэмцэл, Тамирчдын комиссыг хэрхэн үр дүнтэй ажиллуулах зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.
Тус форумд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын төлөөлөл мөн оролцох юм.