"ТОКИО-2020" МОНГОЛЫН БАГИЙН ТОЙМ /08.04/
Өнөөдөр Олимпийн дэвжээнд зодоглосон хоёр бөх маань хоёул шөвгийн наймд хожигдсон ч дайчин, уран барилдааныг үзүүллээ.
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнаныг 6:1-ээр зовлон багатай хожсон. Гэвч дараа нь Азийн аварга иран бөх Резра Атрид 5:1-ээр дийлдсэн юм. Онооны харьцаа 1:1 байхад шүүгч манай бөхийг идэвхгүй барилдлаа гэж үзэн идэвхийн 30 секунд явуулж, улмаар нэг оноо алдсан нь эцсийн дүнд чухал нөлөө үзүүлсэн. Түүнийг хожсон иран бөх дараагийн даваанд дэлхийн хошой аварга З.Угуевт ялагдсан болохоор Бэхээд дагаж барилдах боломж олдсонгүй.
Харин чөлөөтийн багийн хамгийн залуу тамирчин Б.Хонгорзул Францын М.Ривиерегийн эсрэг дайчин, зоримог барилдаж, оноогоор хожигдож яваад эцсийн мөчид 7:5-аар хожсон. Улмаар шөвгийн наймд Японы алдарт бөх, олимп, дэлхийн дөрвөн алтан медальт Р.Кавайд 7:0-ээр ялагдсан юм.
Гэхдээ түүнийг хожсон Кавай финалд шалгарсан тул манай бөхөд дагах боломж олдоод байна. Тэрбээр энэ даваанд Гвинейн Ф.Камаратай барилдахаар болсон. Түүний барилдаан маргааш өглөө 10:00 цагт эхлэх болно. Гвинейн бөхийг хожвол цааш хүрэл медалийн төлөө барилдах юм.