0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Олимпийн наадмын түүх

Эртний Олимпийн наадмын үүсэл хөгжил

Грект овог, аймгуудын хоорондын мөргөлдөөнийг намдаах зорилгоор анх МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсны баяраа тэмдэглэжээ. Хожим үүнээс улбаалан Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна.

Олимпийн уул нь Зевс бурханы эзэмшил, бишрэлт нутаг байв. Олимпийн наадам дөрвөн жил тутам зохиогдож, Грекийн хуанлаар огторгуйд сар бүтэн үзэгдэх өдөр, намар буюу хавар болдог байв.

Олимпод оролцогчид

Олимпод оролцох тамирчид, зохиолч хөгжимчин, гүн ухаантан, улс төрчид, худалдаачид, усан цэргүүд олимп болохоос сарын өмнө Элидаас Олимпийн уул руу 57,7 км замыг маршаар аялж очно.

Хөтөлбөр нь тус тусын ажил мэргэжлээр ном хаялцахаас гадна 192,27 метрийн гүйлтээр уралдана. Наадамд оролцогчдыг бүрээн дуугаар алдаршуулан зарлаж, үнэнч шударга оролцох тангараг өргүүлдэг байжээ.

Олимп нь бүх Грекийн наадам байсан бөгөөд олимп болох үед овог аймгуудын хооронд дайн самуунтай байсан бол дайнаа зогсоодог байлаа. Тэр үед зөвхөн эрчүүд уралдаан тэмцээнд оролцдог байв.

Олимпод оролцогчдоос зөвхөн нэг хүн шалгаруулж “Олимпчин” гэдэг цол олгож, олив модны навчин эрх /хэлхээ/- г Зевс бурхны өмнө ёслол төгөлдөр гардуулдаг байжээ.

Хожим  Олимпийн наадам Грекийн хэмжээнээс хальж, хүрээгээ тэлэн Хар тэнгис, Эгийн тэнгис, Африкийн хойт хэсэг, Газар дундадын тэнгисийн баруун талыг хамрах болжээ.

Олимпийн наадмын төрлүүд

Олимпийн эхний 17 наадам нэг өдөр зөвхөн гүйлтээр зохиогддог байсан бол М.Э.Ө 708 онд /18-р олимп/ хөтөлбөрт нь бөхийн барилдаан, таван төрөлт нэмэгдэж, 688 онд /23-р олимп/ нударган зодоон нэмэгдснээр  2 өдөр үргэлжлэх болжээ.

680 онд /25-р наадам/ морин спорт /2 дугуйтай тэргэнд 4  морь хөлөлж  24 тойрог /13,5км/ уралддаг болжээ. Эртний олимпийн наадамд 632 оноос /37- р олимп/ хүүхэд оролцдог болсон байна.

Эртний грекүүд олимпийн наадмыг найрамдлын баяр, газар дэлхий дээр аюул заналхийлэлгүй, энх тунх амьдрахын баталгаа гэж хүндэтгэдэг байжээ.

Олимпийн наадмыг хэн хориглосон бэ ?

Эртний олимпийн наадам 287 удаа зохиогдоод 394 онд Ромын феодалын хаанчлалын үед 1-р Феодосе хааны зарлигаар хориглосноор 15-р зууны турш чимээ тасарч, хожим түүхчид, археологичдийн эрэл хайгуулын буянаар түүхэн замналыг нээн илрүүлж, одоо ч судалгааны ажил үргэлжилсээр байна.

Олимпийн наадмыг орчин үед сэргээн хөгжүүлсэн нь 

Эртний олимпийн үзэл санааг сэргээж, уламжлан хөгжүүлсэн гавъяат хүний нэг нь Францын нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин юм.

П. Кубертиний санаачилгаар 1894 онд Парист олон улсын тамирчдын их хурал хуралдаж, “Олимпийн тоглолтын сэргэлт” сэдэв хэлэлцэн олимпийн хартийн үндсэн зарчмыг боловсруулж, 6 сарын 23- нд ОУОХ- г байгуулан орчин үеийн анхны олимпийн наадмыг 1896 онд АФИН хотод /Грек/ зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

П. Кубертин өөрийн санаачлан байгуулсан ОУОХ- г 1896- 1925 онд 29 жил толгойлохдоо Швейцарийн Лозанна хотод 1915 онд нүүлгэн төвлөрүүлсэн бөгөөд 1937 онд 74 насандаа Женев хотод таалал төгссөн юм.

Олимпийн хөдөлгөөн

П. Кубертин эртний олимпийн энэрэнгүй үзэл санааг баяжуулан хөгжүүлж “Олимпийн хөдөлгөөн нь хүн төрөлхтний эрх чөлөөний үзэл санаа, найрамдалт тэмцээн, биеийн бүх талын хөгжлийг олгож, ард түмний найрамдал, соёл хамтын ажиллагаанд тусална” гэсэн үзэл бодлыг удирдлага болгож байв.

Олимпийн хөдөлгөөний уугуул, утга учир, зорилго нь ардчилал, найрамдал хамтын ажиллагааны үр дүн юм.

Олимпийн үзэл санааг хамгаалан дэлгэрүүлэх нь эцсийн эцэст хүн төрөлхтний хөгжил дэвшил, хүнлэг энэрэнгүй зарчим, хүний эрхийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэл юм.

Олимпийн хөдөлгөөн нь олон улсын спортын хамтын ажиллагааны үзэл санааг тайван амгалан нөхцөлд улс төр, зохион байгуулалт, ёс суртахууны бүхий л хүчин чармайлтыг, найрамдал хамтын ажиллагааны ашиг сонирхолд нийцүүлэн, түүний уламжлалыг хадгалж өргөжин хөгжүүлснээр өнөөгийн түвшинд хүрчээ.

Олимпийн хөдөлгөөнд баяжих, хувиа хичээх, үндсэрхэх, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлах халдвар аваагүй, биеийн болон ёс суртахууны өндөр соёлтой залуус нэгдэх эрхтэй билээ.

Олимпийн хөдөлгөөний үүргийг зөвхөн түүнд оролцогсдын цар хүрээ, спортын өндөр амжилт төдийхнөөр бус, үзэл санаа, ёс суртахууны давуу талаар нь үнэлэх ёстой.

Олимпизмийн ач холбогдол

Олимпийн үзэл санаа, уламжлал нь орчин үеийн хөгжлийнхөө бүхий л үеийн турш, нийгмийн хөгжлийн утга агуулгыг гүнзгий тусгаж, олон улсын хурцатмал байдлыг зөөлрүүлэх, ард түмний хоорондын харилцааг сайжруулах, найрамдал эвлэрэлийн үзэл санаа, итгэл үнэмшлийг бэхжүүлэх, хамтран ажиллах, нөхөрсгөөр өрсөлдөх явдал юм. Олимпийн наадмын утга учир үнэ цэнэ үүнд оршино.

Өрсөлдөөн гэдэг үгийн утга хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй нягт уялдаатай, нийгмийн амьдралын шаардлагад хэлбэржиж тогтсон хэрэг. Эрт цагт  хүн амьдрахын тулд байгалийн элдэв үзэгдэлтэй зохицох, араатан амьтантай тэмцэлдэхдээ хэрэглэх багаж зэвсэг унаа бий болгож улмаар өөрчлөн сайжруулж ирснээр, өдгөө спортын хэрэгсэл, төрөл зүйл болон хувирчээ.

Спортын дуулал

Пьер Де Кубертин олимпийн философийг уран зохиолын аргаар илэрхийлсэн “Спортын дуулал” – г 1912 онд бичиж нууц нэрээр хэвлүүлсэн юм.

…Өвгөд дээдсийн энэ өвийг буухиа шиг чи

Өргөн дээдэлж бидэнд дамжуулнам буюу чи

Эрин үе улирнам

Амь нас ялан дийлнэм

Цагийн эрхшээлд автагдашгүй

Спорт чи үүрд оршном буюу

* * * * * * * * * * *

Онцгой эгэлгүй цоглогч уран буюу чи

Цогцлон байгуулахын хэрэглэгдэхүүн гэвэл

Хөдлөн бүхий хүмүүн буюу

Мөнхийн хөдөлгөөн гэдэг мөрөөдөл бус

Үл биелэх хүслэн бус

Бүтэн бүрдэхийг баталж өгнөм чи

* * * * * * * * * *

Мөнхийн хөдөлгөөн буй амой

Мөнхийн хөдөлгөөн гэдэг спорт буюу

* * * * * * * * * * *

Өө сэвгүй буюу чи

Дээд зэргийн зан суртахуун чи

Шударга нандин чанар, ариун ёс

Хахуульд автагдашгүй шинжийг шаарднам чи

* * * * * * * * * * *

Аяа спорт ! энх амгалан буюу чи

Улс түмний хоорондын сайн санаа

Эв эеийн сайхан харилцаа тогтооном чи

Эвсэл нийцэл буюу чи

Нэгдмэлийг хүсэгч хүн ардыг

Элгэн дотно болгоном чи

* * * * * * * * * * *

Бид бүхний ирээдүй

Бид бүхний итгэл найдвар болсон

Залуучуудыг энх амгалангийн

Туган дор зоригжуулнам чи

Аяа спорт ! энх амгалан буюу чи

*********************

Олимпийн бэлгэдэл

         Олимпийн бэлгэдэл нь олимпийн таван цагиргаас бүрдэх бөгөөдv нэг өнгөөр буюу олон өнгийн хувилбараар тусгайлан хийгдсэнээр ашиглагдана.

         Эдгээр цагираг нь заавал цэнхэр, шар, хар, ногоон, улаанv гэсэн өнгийн дарааллаар хийгдэнэ. Цагирагууд зүүнээс баруун гар тийш сүлжилдсэн байна. Дээд талд нь цэнхэр, хар, улаан цагираг, доод талд нь шар, ногоон цагираг байрласан байх бөгөөд ОУОХ- ны Төв штабт хадгалагдаж буй албан ёсны дүрс, зурагтай нийцэж байх ёстой.

         Эдгээр цагирагууд нь дэлхийн таван тивийн бат холбоо болон Олимпийн наадамд бүх дэлхийн тамирчдын уулзалтын бэлгэдлийг илэрхийлж байгаа болно.

Олимпийн туг

        П. Кубертин 1913 онд олимпийн бэлгэ тэмдгийг санаачлан, таван тивийн хүн ардын холбоог таван цагираг, хэлхэн, сүүн цагаан туган дээрээ сүлдэлж, 1914 онд Парист хуралдсан олимпийн VI их хуралд оруулан батлуулаад 1920 оны олимпт анх удаа тугаа мандуулжээ.

         Олимпийн туг, сүлд нь түргэнээс түргэн, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй /Citius, Altius, Fortius/ гэсэн уриан дор сүр хүчээ агуулж, дэлхийн зон олны дунд хүндэтгэл болон баталгаажсан юм.

         Олимпийн бэлгэдлийг өмчлөх цорын ганц эрхийг 1981 оны IX сарын 26-нд Найробын гэрээгээр ОУОХ- нд олгосон билээ.

Олимпийн бамбар

        Олимпийн наадамд мандал, бадралын бэлгэ тэмдэг болгож гал хөгжөөдөг бөгөөд галын бамбарыг олимпийн уулнаас Зевс бурхны сүмийн үүднээс нарны туяаг галт шилэнд тусгаж хүндэтгэлтэйгээр ноцоодог уламжлал тогтжээ.

         Эртний грекүүд лампадапор буюу бамбартай гүйдэг нь энх тайвны бэлгэдэл байв. Иймээс олимпийн галын өвлөгч нь Грек орон юм.

         Олимпийн бамбарын буухиа аялал нь дайран өнгөрөх улс орон бүрт олимпийг сурталчлах өргөн арга хэмжээ, бүх нийтийн баяр болж ирлээ.

Олимпийн сүлд дуулал

         Анх 1896 онд дараа нь 1950 онд тус тус зохиогдсон бөгөөдv Спуроу Самаросын зохиосон бүтээл 1958 онд Токиод хуралдсан 55 дугаар чуулганаар албан ёсны баталгаа авсан байна.

         Олимпийн сүлд дууллыг Их хурал, чуулганы нээлт, олимпийн наадмын нээлт дээр эгшиглүүлдэг юм.

Онцлох тэмдэг /Талисман/

     Олимпийн наадмуудад зохион байгуулагч хот нь онцлох тэмдэгv /талисман/ зохион хэрэглэх заншил 1956 оны Мельбурны олимпоос эхэлсэн юм.

         Дэлхийн II дайнаас хойш тив, дэлхийн аварга шалгаруулахv тэмцээн, олимпийн наадамд төрөл бүрийн амьтан, юмсын дүрээр онцлох тэмдэг зохион хэрэглэдэг болсноор тэр тэмдэг нь уг наадмын нийтэд танил, өхөөрдөл, хүндэтгэл хүлээдэг зүйл нь болжээ.

Олимпийн медаль

         Анх олимпийг зохион байгуулагчид 1908 оноос эхлэн алтанv медаль шагнаж байснаа 1928 онд Амстердамд болсон Олимпиадын тэргүүн байрт Италийн зураач Жузеппе Кассиолын загвараар бүтээсэн  медалийг  гардуулжээ.

         Тэр медалийн нүүрэн талд ялалтын бурхан Никед лаврын мөчирv бариулан, эртний Ромын уран барилгын дурсгал дээр байрлуулан, нөгөө талд нь уралдаанд тэргүүлсэн тамирчныг гар дээрээ өргөн хүндэлж байгаа хүмүүсийг дүрсэлсэн байна.

         Олимпийн шагнал нь алт, мөнгө, хүрэл медаль бөгөөд алтан медальд зургаан гр цэвэр алт, мөнгөн медальд 25 гр цэвэр мөнгө ордог байна.

         1986 онд ОУОХ олимпийн медаль авсан тамирчдад энгэрийн тэмдэг олгож байхаар тогтжээ.

Олимпийн одон

         Олимпийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэн, хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан хүмүүст ОУОХ- ны дээд шагнал Олимпийн одонгоор /алт, мөнгөн/ шагнадаг юм.

         Олимпийн гинжит энэ одонгоор 1975 оноос эхлэн, олимпийн хөдөлгөөнд үнэт хувь нэмэр оруулсан тамирчин, спортын мэргэжилтэн, төрийн зүтгэлтэн зэрэг олон хүн шагнуулжээ.

         Олимпийн ёслол хүндэтгэл бол зөвхөн тамирчдын амьдралд тохиолдож байгаа баярт агшин төдийгүй сая сая залууст тэдний дууриаллаар замнаж спортоор хичээллэх, өндөр үзүүлэлтэд тэмүүлэхээс гадна, үндэсний эрүүл саруул бахархал, дэлхийн улс орнуудад эх оронч үзэл өсөн нэмэгдэх үнэлж баршгүй хүчин зүйл юм.

Олимпийн наадам

         Олимпийн наадам нь ганцаарчилсан ба багаар өрсөлдөх спортын төрлүүдийн тамирчдын дунд явагдах тэмцээн уралдаан болохоос улс орнуудын хоорондын тэмцэл бишээ.

         Олимпийн наадам нь дээрх зорилгын үүднээс ҮОХ-доос сонгон шалгаруулж, мэдүүлгийг нь ОУОХ хүлээн авсан, олон улсын тухайн спортын холбоодын техник удирдлагын дор өрсөлдөх тамирчдыг эгнээндээ нэгтгэнэ.

         Олимпийн наадамд холбогдох аливаа асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхийг ОУОХ дангаар эдэлнэ.

Өвөл, зуны олимпийн наадам

         Олимпийн наадам нь өвөл, зуны олимпийн тоглолтоос бүрдэх бөгөөд тэдгээр нь тус бүр 4 жилд нэг удаа болно.

         ..Өвлийн олимпийн анхдугаар наадам 1924 онд явагдсан. Иймээс өвлийн олимпийн он дарааллыг 1924 оноос эхлэн тоолдог. Цас, мөсөн дээр явагддаг спортын тэмцээнүүдийг өвлийн спортын төрлүүд гэж нэрлэнэ.

         Зуны олимпийн наадмын дараалал 1896 онд Афин хотноо явагдсан орчин үеийн олимпийн анхдугаар наадмаас эхлэн тоолдог.

Олимпиад

         …Олимпиад гэсэн нэр томъёо нь Олимпийн наадам эхэлсэн өдрөөс дараагийн олимпийн наадам эхлэх өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх дөрвөн жилийн дараалалтай нэг үеийг хэлнэ.

         … Хэрвээ ямар нэг шалтгаанаар аль нэгэн олимпийн наадам явагдаагүй бол олимпийн нэг үе өмнөх олимпийн наадам эхэлсэн өдрөөс хойшхи 4 жилийн хугацаагаар дуусгавар болох бөгөөд энэ өдрөөс дараагийн шинэ олимпийн үе эхэлнэ.

Олимпийн нээлт, хаалтын ажиллагаа

Төрийн дуулал эгшиглүүлэх, төрийн далбаа мандуулах ёслол

         Олимпт оролцогч орны тамирчдыг олимпийн тосгонд хүлээн авч байрлуулсны хүндэтгэл болгож зохион байгуулах хороо тэр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэх ёслол үйлдэхээс гадна, спортын төрөл тус бүрт эхний гурван байр /жүдо дөрвөн  байр/ эзэлсэн тамирчдыг хүндэтгэлийн тавцанд урьж тэдгээрийн эх орны далбааг хүндэтгэлтэй өргөж, медаль гардуулах, аваргалсан тамирчны эх орны төрийн дуулал эгшиглүүлдэг уламжлал мөрдөгдөж байна.

Тангараг өргөх ёслол

         Олимпийн нэг хүндэтгэл нь нээлтийн ёслол дээр тамирчин, дасгалжуулагчдын төлөөлөгчид үнэнч шударга өрсөлдөхөө олимпийн таван цагаригт цагаан тугийн өмнө батлан тангарагладаг уламжлалтай юм.

Тамирчны өргөх тангараг

Зохион байгуулагч орны нэг тамирчин индэр дээр гарна. Тэрээр Олимпийн тугны булангаас зүүн гараараа барьж, баруун гараа өргөн баяр ёслолын байдалтайгаар тангараг өргөнө. Үүнд: Олимпийн наадам явагдах Дүрмийг хүндэтгэн сахиж, спортын алдар, өөрийн багийн нэр төрийн төлөө спортын чин шударга сэтгэлийн үүднээс Олимпийн наадамд оролцоно гэдгээ нийт тамирчдын өмнөөс тангараглаж байна.

Шүүгчийн өргөх тангараг

         Олимпийн наадам явагдах Дүрмийг хүндэтгэн сахиж, Бид өөрсдийн үүргээ сэтгэлийн хөдлөлөөр бус жинхэнэ спортын шударга сэтгэлийн үүднээс биелүүлнэ гэдгээ нийт шүүгч, албаны хүмүүсийн нэрийн өмнөөс тангараглаж байна.

Нээлтийн ажиллагаа

         Төрийн тэргүүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалган дээр ОУОХ- ны Ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч нар угтана. Дараа нь хоёр ерөнхийлөгч Төрийн тэргүүнийг дагалдаж, түүнийг хүндэтгэлийн суудалд нь хүргэнэ.

         Үүний дараа оролцогчдын жагсаал эхэлнэ. Өөрийн албан ёсны хувцсыг өмссөн улс орны төлөөлөгчид, баг тамирчдын өмнө тухайн улсын нэрийн хаяг явах бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс 1 хүн улсынхаа тугийг барьж явна. Оролцогч орны туг ба нэрийн хаягийг Зохион байгуулах хороо гаргана. Бүх улсын туг, хаяг нь нэг адил хэмжээтэй байна. Нэрийн хаяг нь авч явах хүмүүсийг Зохион байгуулах хорооноос томилно.

         Жагсаалд зөвхөн Олимпийн наадамд оролцох, олимпийн тосгонд амьдрах баг тамирчид оролцоно. Тэднийг тухайн улс орны албан ёсны төлөөлөгчдөөс 6-аас дээшгүй хүн дагалдах эрхтэй.

Олимпийн наадмын нээлтийг хэн зарлах вэ?

Олимпийн наадам нээснийг Зохион байгуулагч улсын төрийн тэргүүн зарлана. Төрийн тэргүүн Олимпийн наадмыг нээж дараах маягаар үг хэлнэ. Үүнд: “Би … хотод зохиогдож буй Өвлийн Олимпийн …/Зуны олимпийн/ наадмыг нээснийг мэдэгдэж байна”.

Оролцогчдын жагсаалыг ямар улсын баг тамирчид ахалдаг вэ

Жагсаалд оролцогсод нь тухайн улс орны цагаан толгойн дарааллаар /жагсаалын эхэнд явах Грекийн баг тамирчид, жагсаалын төгсгөлд явах зохион байгуулагч улс орны баг тамирчдыг эс тооцно/ явна.

Хаалтын ажиллагаа

         Хаалтын ажиллагаа бүх тэмцээн дууссаны дараа цэнгэлдэхv хүрээлэнд явагдана. Олимпийн тосгонд амьдрах эрх бүхий тамирчид цэнгэлдэх хүрээлэнд тэдэнд зориулсан суудалд байраа эзэлнэ.

         Улс орны төлөөлөгчдийн тугчид, хаяг барьж буй хүмүүс нэрийн дарааллаар цэнгэлдэх хүрээлэнд орж ирж, нээлтийн ажиллагаан дээр зогссоны адил талбайн голд байраа эзэлнэ. Тэдний араас тамирчид аль улсын иргэн болохыг үл харгалзан жагсаалаар орж ирнэ.

         ОУОХ- ны Ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч нар индэр дээр гарч ирнэ. Грекийн үндэсний дуулал эгшиглэх явцад тугны төв цамхагийн баруун талд орших шагнал гардуулахад хэрэглэх тугны цамхагт Грекийн тугийг мандуулна.

         Зохион байгуулагч орны Сүлд дуулал эгшиглэх явцад тухайн орны тугийг төв цамхагт мандуулна.

         Эцэст нь дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах улсын сүлд дуулал  эгшиглэхэд тэр орны төрийн далбаа өргөгдөнө.

         Зохион байгуулагч хотын захирагч индэр дээр гарч ирж, ОУОХ-ны Ерөнхийлөгчид хэрэв Зуны олимпийн наадмын хаалт бол Бельгийн олимпийн хорооноос 1920 онд бэлэглэсэн туг, Өвлийн олимпийн наадам бол 1952 онд Осло хотоос бэлэглэсэн тугийг барина.

         ОУОХ-ны Ерөнхийлөгч уг тугийг дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотын захирагчид гардуулна.

         Энэ тугийг дараагийн Олимпийн наадам хүртэл Олимпийн наадмыг зохион байгуулах хотын захиргааны төв байранд хадгална.

ОУОХ- ны Ерөнхийлөгч Олимпийн наадам хаасныг мэдэгдэж хэлэх үг

        Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч үг хэлсний дараа ОУОХ- ны  Ерөнхийлөгч  Олимпийн  наадам  хаасныг  мэдэгдэж :  “ Уламжлал    ёсоор дэлхийн залуу үеийнхнийг 4 жилийн дараа … хотод болох /хэрвээ энэ үед хот сонгогдоогүй бол / “дараа тодорхойлох газар”/ зуны /өвлийн/ .. Олимпийн наадамд баяртайгаар уулзацгаая” гэсэн ерөөлийн үг хэлнэ.

Олимпийн тугийг залах ёслол

Нээлтийн ажиллагаа :

        Цэнгэлдэх хүрээлэнд Олимпийн дуулал эгшиглэх явцад Олимпийн далбааг дэлгэмэл байдлаар хүндэтгэлтэйгээр оруулж ирэх ба бэлтгэгдсэн цамхагт өргөж мандуулна.

Хаалтын ажиллагаа :

         Хөгжимд фанфар эгшиглэж, олимпийн гал бөхнө, олимпийн дуулал эгшиглэх явцад олимпийн тугийг аажмаар буулгаж талбайгаас дэлгэмэл байдлаар авч гарна. Түүний араас тугчид  дагалдана. Дараа учрахын ерөөл  тавьж дуу хөгжим эгшиглэнэ.

Олимпийн спортын төрлүүд

Олон улсын спортын холбоодоор удирдуулж буй спортын дараах төрлүүд Олимпийнх гэж тооцогдоно. Үүнд:

1.  Зуны Олимпийн наадмын төрөл

-           Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбоо / IAAF/

-           Олон улсын сэлүүрт завины холбоо /FISA/

-           Олон улсын бейсболын холбоо /IBF/

-           Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/

-           Олон улсын бокс сонирхогчдын холбоо /AIBA/

-           Олон улсын  каноэгийн  холбоо /FIC/

-           Олон улсын дугуйчдын холбоо /UCI/

-           Олон улсын морин спортын холбоо /FEI/

-           Олон улсын туялзуур жадны холбоо /FEI/

-           Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/

-           Олон улсын гимнастикийн холбоо /FIG/

-           Олон улсын хүнд атлетикийн холбоо /IWF/

-           Олон улсын гар бөмбөгийн холбоо /IHF/

-           Олон улсын зүлгэн дээрх хокеейн холбоо /FIH/

-           Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/

-           Олон улсын бөх сонирхогчдын холбоо /FILA/

-           Олон улсын усан спортын холбоо /FINA/

-           Олон улсын таван төрөлт ба биатлоны холбоо /UIPMB/


 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД