МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ БНСУ-ЫН ҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ки Хюүн Литэй Сөүл хотноо уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Ки Хюүн Ли ерөнхийлөгч Б.Баттүшигт МҮОХ-г удирдах болсонд баяр хүргэж, хоёр орны ҮОХ-дын найрсаг харилцаа өргөжин тэлэхийг ерөөв.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг талархал илэрхийлж, ирэх долоо хоногт болох Азийн олимпын зөвлөлийн комиссын хуралд амжилт хүсэхийн ялдамд сонгуульт хугацаандаа хоёр орны ҮОХ-ны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, цаашлаад улсын шигшээ багт ордоггүй боловч олимпын наадамд эрх аван оролцох боломжтой спортын төрлүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн багш дасгалжуулагчдын солилцоо, тамирчдын бэлтгэл сургуулилт дээр хамтран ажиллах талаар санал солилцов.
БНСУ-ын ҮОХ-ны зүгээс тамирчин солилцоо, дасгалжуулагчийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдаад цаашид “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын бэлтгэл ажлын хүрээнд өвлийн спортын холбоодыг холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Б.Баттүшиг ерөнхийлөгчийн зүгээс мөрийн хөтөлбөрт нь багтсан ҮОХ-ны дүрмийн шинэчлэл, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх тал даар туршлага солилцох, мэргэжилтэн солилцооны тал дээр ойрын ирээдүйд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах асуудлыг судлахаар тохиролцов.