МАНАЙ БӨХЧҮҮД ДЭЛХИЙН АВАРГА ЯПОНЧУУДАД ДИЙЛДЭВ
Өнөөдөр дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв.
Барилдаан дөнгөж эхлэнгүүт япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан.
Харин хоёрдугаар үед өрсөлдөгч нь дахин хоёр удаа ард гарч, оноо түүснээр 6:0-ээр тэргүүлж эхлэв. Барилдааны төгсгөлд манай хүн дайрч өрсөлдөгчөө хоёр удаа дэвжээнээс гарган оноо авснаар эцсийн дүндээ 6:2-оор ялагдлаа. Түүнчлэн 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дэлхийн хошой аварга, энэ олимпод зөвхөн түрүүлэх зорилготой ирсэн Юүи Сусакид 10:0-ээр дийлдлээ.
Одоо япон бөхчүүд финалд шалгарвал манай бөхчүүдэд дагаж барилдах боломж гарч ирнэ.