МҮОХ - МОНТЕНЕГРО УЛСЫН ҮОХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монголын үндэсний олимпын хороо – Монтенегро улсын үндэсний олимпын хороо хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг болон Монтенегро улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсаас Монтенегро улсад суух Өргөмжит консулаар томилогдож буй Душан Симонович нар үзэглэв.
Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монтенегро улсын ҮОХ-ны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Филип Паткович нар оролцлоо.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын тамирчид өндөр амжилт үзүүлдэг төрлүүд болох жүдо бөх, бокс, чөлөөт бөх, буудлага зэрэг спортын төрлүүдээр туршлага солилцох боломжтойг онцлон Монгол улсад олон төрөлт спортын цогцолбор болох “Олимпик арена” байгуулахыг зорьж байгааг танилцуулж, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.
Монтенегрогийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Душан Симонович Монтенегро улсад усан поло, каратэ, гандбол, сагсанбөмбөг, жүдо бөх зэрэг спортын төрлүүд өндөр амжилттайг дурдаж, усан пологийн төрлийг Монгол улсад түлхүү хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Түүнчлэн талууд Монтенегро улс нь Парис хоттой ижил цагийн бүсэд байдгийг онцлон Монголын баг тамирчдын Олимпын өмнөх бэлтгэлийг Монтенегро улсад зохион байгуулах боломжтой тухай хэлэлцлээ.
Санамж бичгийн хүрээнд талууд тодорхой спортын төрлүүдээр баг тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж, харилцан туршлага солилцох олон талт үйл ажиллагааг өрнүүлэх бөгөөд спорт, олимпизмыг сурталчлах тодорхой ажлуудыг хамтран өрнүүлэх юм.