ХОНКОНГИЙН БАДМИНТОНЧИД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЭВ
Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах International Challenge олон улсын тэмцээн Спортын төв ордонд зургаан өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөлөө.
15 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 19 орны 220 гаруй тамирчин бадминтоны үндсэн таван төрөлд өрсөлдсөн юм.
Энэ удаагийн тэмцээнд Хонконгийн тамирчид хоёр алтан медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, Малайз (1 алт, 1 мөнгө), Австрали (1 алт, 1 мөнгө) удаалав. Нийт долоон улс медаль авсан байна.
Тэмцээний хаалтын ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Хосбаяр нар оролцож, тамирчдын шагналыг гардуулав.
Монголын бадминтон сонирхогчдын холбоо өмнө нь 2018, 2019, 2022 онд тус тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ жилийнх хамгийн олон оролцогчтой тэмцээн болсноороо онцлог байв.