“МӨНХИЙН ҮСЭГ” ХХК-ТАЙ АЛТАН ТҮНШИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монголын үндэсний олимпын хороо болон “Мөнхийн үсэг” ХХК хооронд Алтан түншийн гэрээ байгуулах ёслол Олимпик хауст боллоо. Гэрээг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Мөнхийн үсэг” ХХК-ийн Дэд захирал Б.Балжинням нар үзэглэв.
Гэрээний хүрээнд “Мөнхийн үсэг” ХХК нь Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/, МҮОХ-ны Дүрэм, Спортын удирдах ажилтны гарын авлага зэрэг сургалт-семинарт ашиглагдах, 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий цаасан материалуудыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хэвлэж ивээн тэтгэх юм.
“Мөнхийн үсэг” ХХК нь 1991 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн стандартыг салбартаа анхлан нэвтрүүлсэн хэвлэлийн тэргүүлэгч байгууллага билээ.
Алтан түншийн гэрээ Парисын Олимпын мөчлөг хүртэл үргэлжилнэ.