МОНГОЛ-РУМЫН 14:22
3х3 сагсны шигшээ баг олимпийн дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ. Олимпод оролцож буй найман багаас түвшин хамгийн ойролцоо нь Румын байв. Тиймдээ ч манай охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байлаа.
ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа орж байх үед тоо 7:9 болон ойртлоо. Гэвч үүнээс хойш Румыний баг таван оноо дараалан авсан нь энэ тоглолтын эргэлтийн цэг болчихов. Уг нь манай охид оноог ингэж холдуулалгүй барьж болохоор байсан ч торгуулийн шидэлт болоод сул довтолгоогоо алдах зэргээр боломжоо үгүй хийсэн.
Бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Үнэхээр яаж ч хичээгээд болохгүй байгаа нь тэдний тоглолтоос харагдаж байв. Ингээд эцсийн дүндээ 22:14-өөр ялагдлаа.
Энэ тоглолтод М.Цэрэнлхам зургаан оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Чимэддолгор, Б.Солонго нар гурав, О.Хулан хоёр оноо нэмэрлэсэн юм. Сагсчид дараагийн тоглолтоо 16.30-аас Францын эсрэг хийнэ.