0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Дэлхийн таеквондогийн төв байгууллага болох Күккивоны ерөнхийлөгч Ли Дон Суп тэргүүтэй төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжав нар байлцав.

Талууд уулзалтын үеэр Монголын таеквондогийн спортын хөгжил, тус төрлөөр олимпын эрх авах, цаашлаад олимпоос медаль авдаг төрөл болгон хөгжүүлэх гарц, Монголд олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Мөн өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгох, спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, хичээлийн хөтөлбөрт оруулах зэргээр хамтран ажиллахад нээлттэй гэдгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг илэрхийлэв.

Ноён Ли Дон Суп дэлхийн 214 улсад 200 гаруй сая хүн таеквондогоор хичээллэж байгааг дуулгаж, таеквондогийн спорт бусдыг хүндлэх ухаанд сургадаг тул хичээллэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тайлбарлалаа.

Мөн тэрбээр Монголын таеквондогийн хөгжлийг онцолж, гурван тал хамтраад ажиллахад Монголын тамирчид олимпын наадмаас медаль авах цаг холгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД