0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЦАР ТАХЛЫГ ЯЛАН ДИЙЛЭХИЙН БЭЛГЭДЭЛ БОЛСОН ОЛИМПИЙН НААДАМ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

Коронавирусийн улмаас нэг жилээр хойшилж, энэ хугацаанд олон саад бэрхшээлтэй тулгарсан Токиогийн олимп албан ёсоор нээлтээ хийлээ.

 

Энэ удаагийн олимп нь урьд өмнө тохиож байгаагүй хэцүүхэн шалгууртай нүүр тулж буйг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр онцолсон. Тэрбээр “Газар хөдлөлт, коронавирус гээд олон бэрхшээлийг даван туулж олимпийг зохион байгуулж буй Японы ард түмнээр бахархах сэтгэл төрж байна. Цар тахлыг намжаахын төлөө хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд талархал илэрхийлье. Тамирчид та бүхэн цар тахлын үед тодорхойгүй олон зүйлтэй нүүр тулсан. Одоо та нар минь сайхан хөгжилдөөрэй, баярлаж цэнгээрэй. Та бүхэн бидэнд урам зориг өглөө” хэмээсэн юм.

 

Монголын баг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээлтийн ёслолд жагсав. “Мишел Амазонка”-гийн урласан манай тамирчдын хувцас үнэхээр өнгөлөг, загварлаг харагдаж байлаа. Мөн анх удаа эмэгтэй тамирчин Монголын багийн тугийг залсан нь нээлтийн гол онцлогийн нэг байв.

 

Япончууд нээлтийн ёслолыг орчин үеийн технологийн дэвшил болоод ёс заншилтайгаа уялдуулан өвөрмөц байдлаар хийв. Түүнчлэн нээлтэд жагсах улс орнуудыг япон цагаан толгойн дарааллаар оруулж ирсэн. Ингэснээр Ирланд улс Азербайжан, Афганистаны өмнө, Монголын баг 191 дүгээрт жагсан ирэв.

 

Олимпийн галт бамбарыг хэн, хэрхэн асаах нь олны анхаарлыг үргэлж татдаг. Энэ удаа цар тахалтай тэмцэж буй эмнэлэгийн ажилтнууд болон жүдо, чөлөөт бөхийн аваргууд болох Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна бейсболын түүхэнд нэрээ тодоор үлдээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар дамжуулах ёслолд оролцож Японы теннисний шинэхэн од, дэлхийн чансааны тэргүүнд хүртэл бичигдэж байсан Наоми Осакад гардуулан өгөв. Их дуулга тэмцээнд дөрвөнтөө түрүүлээд буй тэрбээр шатаар өгсөн гарч, бамбарыг тун даруухнаар асааснаар Токиогийн олимп албан ёсоор хөшгөө нээлээ.

 

Олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчид 3х3 сагсан бөмбөг, жүдо, буудлага, бокс, ширээний теннис гэсэн таван төрөлд өрсөлдөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД