0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

“ХАНЖОУ 2022”: МОНГОЛЫН БАГ, ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД, ИРЭЭДҮЙН ӨӨД

Монголын баг “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоосоо өргөлөө. Энэ нь наадамд оролцсон 45 Үндэсний олимпын хорооны багаас 7 дахь том бүрэлдэхүүн байв.

Монголын баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, байт харваа, испортын дота2 нийт 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 12 удаагийн наадамд оролцсон нийлбэр амжилтаар 16 спортын төрлөөр 27 алт, 51 мөнгө, 104 хүрэл нийт 182 медальтай боллоо. 

Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медаль боллоо. 

Б.Энххүслэн Монголын усанд сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд анх удаагаа финалд шалгарч түүхэнд бичигдсэн.

Түүнчлэн 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц хүрэл өнгөөр дахин сэргээн авчирлаа.

“Ханжоу 2022” Азийн наадмын тавцанд Монголын хөнгөн атлетикчид 2 үндэсний дээд амжилтаа тогтоосон бол усанд сэлэгчид нийт 11 үндэсний рекордоо шинэчиллээ.

Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг наадмын хугацаанд Монголын баг тамирчдаа бүхий л талаар дэмжин ажиллаж, чөлөөт бөхийн 65кг-д аварга болсон Т.Тулга болон шинэлэг спортын төрөл болох и-спортын дота2-ын баг тамирчдад шагнал, медалийг гардуулав. 

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Багийн ахлагч А.Ганбаатарын удирдлага дор Монголын багийн штаб 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт баг тамирчдын зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол зохион байгуулах хорооноос томилсон сайн дурын 15, тээвэр хариуцсан 7 ажилтан манай баг тамирчдад үйлчиллээ.

“Ханжоу 2022” Азийн наадмын кураш, жюү жицү, волейбол, чөлөөт бөх, жүдо, ширээний теннис, софт теннис, хүндийг өргөлт, таэквондо, бокс, хөлбөмбөг, триатлоны нийт 12 спортын төрлийг Монголын 13 шүүгч дэнсэлж хамгийн гэсэн тоог түүхэндээ үлдээлээ. 

“Ханжоу 2022” Азийн наадмыг спортын гэрэл зурагчин, сэтгүүлчдээс бүрдсэн түүхэндээ хамгийн том, 37 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн баг Монголын баг тамирчдын торгон агшныг цаг алдалгүй сурвалжилж, улс орон даяар олон нийтэд мэдээлэв. Монголын хэвлэл мэдээллийн багийг дэмжин “Ba Ying Meng Ke” компани хамтран ажиллав. 

Түүнчлэн Ханжоу хотноо энэ хугацаанд 15 хүний бүрэлдэхүүнтэй телевизийн баг ажилласан бөгөөд улс орон даяар спортын гайхамшиг 7 сувгаар үзэгч бүхэнд шууд хүрлээ.

Ийнхүү "Ханжоу 2022 "Азийн зуны спортын XIX наадам өнөөдөр өндөрлөж, Парисын Олимпын бэлтгэлийн гараа эхэлж байна!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД