"Singapore 2010" Залуучуудын зуны анхдугаар олимп
Залуучуудын анхдугаар олимпыг зохион байгуулах эрхийн төлөө ОХУ-ын нийслэл Москва болон Сингапур өрсөлджээ. Сингапурчууд наадам зохион байгуулахыг дэмжсэн нэг сая хүний гарын үсэг цуглуулах зэргээр сурталчилгааны кампанит ажлыг өргөн цараатай өрнүүлсний хүчинд санал асуулгад 53:44-өөр ялж, анхдагчаар тодров.
Сингапур улс 2008 онд наадмын төсвийг 75 сая ам.доллараар баталж байв. Гэвч явцын дунд зардал нэмэгдсээр анх төсөвлөснөөс бараг дөрөв дахин их буюу 280 сая ам.доллар болж өсчээ.
Анхны наадамд 204 ҮОХ-ны 14-18 насны 3524 тамирчин спортын 26 төрөлд 201 багц медалийн төлөө өрсөлдөв. Олимпын хөдөлгөөнөөс хэсэг хугацаанд хөөгдөөд байсан Кувейт улс оролцож чадаагүй бөгөөд тус улсын гурван тамирчин ОУОХ-ны туган дор оролцсон юм. Мөн өөр өөр орны тамирчид нэг баг болон өрсөлдөх холимог багийн тэмцээнийг морин спорт, туялзуур сэлэм, триатлоны төрлөөр зохион байгуулав.
Багийн дүнгээр БНХАУ тэргүүлж, ОХУ удаалсан бол холимог багийнхан нийт 28 медальтайгаар дөрөвдүгээр байрт жагссан юм. Харин зохион байгуулагч Сингапур нутгийн дэвжээн дээрээ алт авч чадалгүй хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар 62-т жагсав. Нийт 98 улс ямар нэг медаль хүртсэн байна.
Залуучуудын олимпын наадам Сингапур улсад өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна. Сингапурын олимпын сан наадмын үеэр залуу үеийг дэмжсэн соёл урлаг, спортын хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөр нь жил бүр зохиогддог Сингапурын залуу олимпчдын фестиваль хэлбэрээр үргэлжилсээр байна.
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
| 1 | БНХАУ | 30 | 16 | 5 | 51 |
| 2 | ОХУ | 18 | 14 | 11 | 43 |
| 3 | БНСУ | 11 | 4 | 4 | 19 |
| 4 | Украин | 9 | 9 | 15 | 33 |
| 5 | Холимог баг | 9 | 8 | 11 | 28 |
| 6 | Куба | 9 | 3 | 2 | 14 |
| 32 | Монгол | 2 | - | - | 2 |
Монголчууд Сингапурын олимпод
Залуучуудын анхдугаар олимпод Монгол Улс бокс, жүдо, гимнастик, триатлон, хөнгөн атлетик, усанд сэлэлт, чөлөөт бөх гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алтан медаль хүртэж, багаараа 32-т бичигдэв.
Чөлөөт бөхийн охидын 60 кг-д барилдсан Б.Батцэцэг нэгийн даваанаас Шинэ Зеландын Т.Фордыг 1:0, 2:0-ээр, Нигерийн К.Викторыг 1:1, 1:0-ээр, Гвинейн А.Соуарег 6:0, 3:0-ээр, Оросын С.Липатоваг 0:1, 1:0, 1:1-ээр, Энэтхэгийн Пужа Дхандаг 5:1, 0:1, 3:0-ээр тус тус ялж, залуучуудын олимпын анхны аваргаар тодорсон юм.
Түүнчлэн гимнастикч Г.Эрдэнэболд хөвгүүдийн харайлтын төрөлд түрүүлж, хоёр дахь алтын эзэн болсон.
Харин жүдоч О.Дөлгөөн холимог багийн тэмцээнд ОХУ, Мальта, Туркменистан, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Германы жүдочидтой нэг баг болон өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм.
Монгол тамирчдын амжилт
| № | Нэрс | Хүйс | Төрөл | Ангилал | Амжилт |
| 1 | Баатарзоригийн Батцэцэг | эмэгтэй | 60 кг | алтан медаль | |
| 2 | Ганбатын Эрдэнэболд | эрэгтэй | гимнастик | алтан медаль | |
| 3 | Отгонбаярын Дөлгөөн | эрэгтэй | жүдо | холимог баг | мөнгөн медаль |
| 66 кг | 5-р байр | ||||
| 4 | Батбаатарын Соёлсайхан | эмэгтэй | гимнастик | 37-р байр | |
| 5 | Ганболдын Шижирбаатар | эрэгтэй | хөнгөн атлетик | 100 метр | 20-р байр 11.66 (5 h3) |
| 6 | Хатанбүүвэйн Мичидмаа | эмэгтэй | хөнгөн атлетик | 400 метр | DQ |
| 7 | Дашдоржийн Ананд | эрэгтэй | бокс | 57 кг | 5-р байр |
| 8 | Гантулгын Өлзийбадрах | эрэгтэй | усан спорт | 50 м чөлөөт сэлэлт | 37-р байр |
| 100 м чөлөөт сэлэлт | 48-р байр | ||||
| 9 | Эрдэнэбилэгийн Сүрэнням | эмэгтэй | усан спорт | 50м эрвээхий сэлэлт | 23-р байр |
| 100 м эрвээхий сэлэлт | DQ | ||||
| 10 | Түвшинжаргалын Энхжаргал | эмэгтэй | триатлон | ганцаарчилсан эмэгтэй | 28-р байр |
| холимог баг | 15-р байр | ||||
| 11 | Энхтөгсийн Оюунболд | эрэгтэй | чөлөөт бөх | -100 кг | 5-р байр |












