"PyeongChang 2018"
БНСУ-ын хойд зүгт орших 43 мянган хүн амтай Пёнчан хот гурав дахь удаагийн оролдлогоороо өвлийн олимпын нийслэлээр тодорлоо. Тэд 2014 оны олимпын сунгаанд Сочи, 2010 оныход Ванкуверт тун ойрхон ялагдсан бол энэ удаа санасандаа хүрч чадав. 1988 онд зуны олимпыг анхлан зохиож байсан солонгосчууд 30 жилийн дараа ийн өвлийн олимп хүлээн авсан юм.
Эрхээ нэгэнт авсан солонгосчууд бэлтгэл ажилдаа шуурхайлан орсон бөгөөд ердөө ганц жилийн дотор олимпын байгууламжуудын барилгын ажил эхэлсэн байлаа. Мөн тус улс Сөүл-Пёнчаны хооронд хурдны галт тэрэгний зам байгуулах ажлыг 2012 онд эхлүүлж, таван жилийн дотор дуусгажээ.
Пёнчаны олимпод 93 орон тамирчдаа илгээж, дээд амжилтыг дахин эвдлээ. Эквадор, Эритрей, Косово, Малайз, Сингапур, Нигери улс өвлийн олимпын наадамд анх удаа оролцов. Уг нь Кайманы арлууд, Доминикан, Перу улсын цаначид олимпын эрхийн нормативыг анх удаа хангасан ч тухайн улсынх нь ҮОХ тамирчдаа илгээсэнгүй.
Түүнчлэн ОУОХ-ны байгуулсан түүхэн хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын тамирчид зэвсэггүй бүсийг даван Өмнөд Солонгост хөл тавив. Түүгээр үл барам хоёр орны тамирчид нээлтийн ёслолд нэгэн далбаан дор жагсаж, эмэгтэй хоккейчид нь хамтран нэг баг болон оролцлоо. Харин Сочигийн олимпоос эхлэлтэй допингийн хэргийн улмаас ОУОХ Оросын ҮОХ-ны эрхийг түдгэлзүүлэв. Ингэснээр тус улсын тамирчид ОУОХ-ны туган дор, Olympic Athletes from Russia (OAR) нэрийн дор оролцсон юм.
Багц медалийн тоо анх удаа 100-гийн босго (102) давж, түүхэн дэх хамгийн олон медальтай өвлийн олимп боллоо. Сноубордын биг эйр, кёрлингийн холимог хос, уулын цанын холимог хос, тэшүүрийн бөөн гараатай уралдаан олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Японы трамплины тамирчин Нориаки Касай 46 насандаа найм дахь олимпдоо оролцож, дээд амжилтыг ганцаар эзэмшиж эхлэв. Оросын чаргачин А.Демченко долоон олимпод оролцож байжээ.
Өмнөх олимпод гялалзсан Нидерландын тэшүүрч бүсгүй Ирен Вюст энэ удаа нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тэрбээр дөрвөн олимп дараалж аваргалсан анхны тамирчин болжээ.
Түүний нутаг нэгт Йорин Тер Морс нэг өвлийн олимпоос хоёр өөр төрлөөр медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болов. Тэрбээр тэшүүрийн 1000 м-ийн зайд түрүүлснээс гадна шорт-трекийн багийн хамтаар 3000 м-ийн буухиа уралдаанаас хүрэл медаль хүртсэн юм.
Түүнчлэн Чехийн Эстер Ледецка уулын цанын супер жи төрөл болон сноубордын хосолсон жиант слаломын төрөлд түрүүлж, хоёр өөр төрлөөр нэг олимпод аваргалсан анхны эмэгтэй тамирчнаар тодорлоо.
Харин Норвегийн домогт цаначин Марит Бьорген хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр нийт 15 медальтай болж, өвлийн олимпын түүхэнд хамгийн олон медальтай тамирчин болжээ.
Бобслейн эрэгтэйчүүдийн хоёр хүнтэй төрөлд Канад, Германы багийн үзүүлэлт яг ижилхэн гарав. Ингэснээр тэдэнд алтан медалийг хуваан олгосон юм. Өмнө нь 1998 оны олимпод л ганц удаа ийм зүйл тохиолдож байв.
ОУОХ, Олон улсын хоккейн холбоо, NHL хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүй тул NHL-ийн шилдэг хоккейчид 1998 оноос хойш анх удаа өвлийн олимпыг өнжихөөр болов. Тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Павел Дацюк, Илья Ковальчук тэргүүтэй Оросын шигшээ түрүүлж, 16 жилийн хүлээлтээ эцэс болголоо. Оросууд эхний тоглолтдоо Словакт 3:2-оор ялагдсан ч үүнээс хойш дахин алдаа гаргаагүй.
Германы шигшээ олимпын хоккейн хамгийн том сенсаацыг дэгдээсэн. Тэд хэсэгтээ Финланд, Шведэд дараалан ялагдаж, Норвегийг буллитээр хожиж хасагдах шатанд арайхийн үлдсэн. Харин үүнээс хойш тэд Швейцарыг нэмэлт цагт 2:1-ээр, Шведийг мөн нэмэлт цагт 4:3-аар, хагас шигшээд Канадыг 4:3-аар сөхрүүлэн олимпын наадмын финалд анх удаа шалгарсан юм. Тэд энэ эрчээрээ олимпын аварга болох тун дөхсөн ч оросууд хожигдож яваад цаг дуусахын өмнөхөн тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт 4:3-аар хожсон билээ.
Багийн дүнгээр тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөн маш сонирхолтой өрнөж, норвегичууд сүүлийн өдөр Марит Бьоргений авсан алтан медалийн ачаар Германыг гүйцэн дээр нь гарч чадсан юм. Норвегийн баг нийт 39 медаль авсан нь цагаан олимпын дээд амжилт боллоо. “Ванкувер-2010” олимпоос америкчууд 37 медаль авсан нь өмнөх рекорд байсан билээ.
Монголчууд Пёнчаны олимпод цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинтай оролцлоо. Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т 93-р байр эзэлсэн бол Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 10 км-т 84-р байрт орсон юм.
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Норвеги | 14 | 14 | 11 | 39 |
2 | Герман | 14 | 10 | 7 | 31 |
3 | Канад | 11 | 8 | 10 | 29 |
4 | АНУ | 9 | 8 | 6 | 23 |
5 | Нидерланд | 8 | 6 | 6 | 20 |
6 | Швед | 7 | 6 | 1 | 14 |
7 | БНСУ | 5 | 8 | 4 | 17 |
8 | Швейцар | 5 | 6 | 4 | 15 |
9 | Франц | 5 | 4 | 6 | 15 |
10 | Австри | 5 | 3 | 6 | 14 |
11 | Япон | 4 | 5 | 4 | 13 |
12 | Итали | 3 | 2 | 5 | 10 |
13 | OAR | 2 | 6 | 9 | 17 |
14 | Чех | 2 | 2 | 3 | 7 |
15 | Беларусь | 2 | 1 | - | 3 |
16 | БНХАУ | 1 | 6 | 2 | 9 |
17 | Словак | 1 | 2 | - | 3 |
18 | Финланд | 1 | 1 | 4 | 6 |
19 | Их Британи | 1 | - | 4 | 5 |
20 | Польш | 1 | - | 1 | 2 |
21-22. | Унгар | 1 | - | - | 1 |
21-22. | Украйн | 1 | - | - | 1 |
23 | Австрали | - | 2 | 1 | 3 |
24 | Словен | - | 1 | 1 | 2 |
25 | Бельги | - | 1 | - | 1 |
26-27. | Шинэ Зеланд | - | - | 2 | 2 |
26-27. | Испани | - | - | 2 | 2 |
28-30. | Казахстан | - | - | 1 | 1 |
28-30. | Латви | - | - | 1 | 1 |
28-30. | Лихтенштейн | - | - | 1 | 1 |
Нийт | 103 | 102 | 102 | 307 |