0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

МҮОХ-ны түүх

Монголын Үндэсний Олимпын Хороо үүсэн байгуулагдсан үе

Манай оронд 1950-иад оны эхэн үе гэхэд биеийн тамир, спортын нийтийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж, орчин үеийн спортын төрлүүдээр хичээллэх залуучуудын тоо эрс өсч, олон улсын чанартай уралдаан тэмцээн, наадмуудад оролцож эхэлсний зэрэгцээ энэ ажлыг удирдан зохион байгуулах олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагууд олширч байлаа. 

Нэгэнт ийм хөгжилд хүрээд байгаа биеийн тамир, спортын хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаанд нэгтгэх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулах шаардлагын үүднээс МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хамтарсан 42/37 тоот тогтоолоор Монголын Үндэсний Олимпын Хороог байгуулсан байна. 

МҮОХ байгуулагдсан цагаасаа эхлэн их спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд спортын үндэсний холбоодыг эмхлэн байгуулж, улмаар тэдгээрийг олон улсын спортын холбоодын гишүүнээр элсүүлэхэд анхаарч иржээ. 

МҮОХ эх орондоо олимпын хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр, залуу үеийг олимпын үзэл санаагаар хүмүүжүүлэхэд олон улсын байгууллагын зөвлөмж, дэмжлэг туслалцааг авах зорилгоор Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр элсэх саналаа 1960 онд илэрхийлжээ. Тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал “Монгол Улсын Засгийн газар Олон улсын олимпын хөдөлгөөнийг бэхжүүлэн хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бүх санаачилгыг дэмжин өөрийн оронд биеийн тамир, спортыг хөгжүүлнэ” гэсэн батламж бичгийг МҮОХ-ны өргөдлийн хамт ОУОХ-нд илгээжээ.

ОУОХ 1925 оны зургадугаар сарын 5-ны өдөр Прага хотод хуралдсан 24-р чуулганаараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь МҮОХ-г олимпын их гэр бүлд нэгдэх эрх зүйн үндсийг нэгэнт буй болгосон байлаа. 

ОУОХ 1962 онд Москвад хуралдсан 60-р чуулганаараа МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээрээ элсүүлэн авчээ.

МҮОХ байгуулагдаж, Олон улсын байгууллагын гишүүн болсон хэдий ч тухайн үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос хамаарч биеэ даасан үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдээгүй, зөвхөн олимпын наадамд тамирчдаа оролцуулах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байжээ. 

Манай улс 1990-ээд оны эхэн үеэс нийгмийн шинэ харилцаанд шилжсэнтэй уялдаж, МҮОХ Олимпын Хартийн зарчмыг үндэслэн шинэчлэн зохион байгуулагдаж, бие даасан, хараат бус, бүтээлч үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна.

МҮОХ нь Олон Улсын Олимпын Харти /дүрэм/-ийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД