“Доха-2019” дэлхийн элсний анхдугаар наадам
Азийн олимпын зөвлөл 2008 онд Азийн элсний наадмыг санаачлан зохион байгуулсан нь амжилттай болж, олны сонирхлыг ихээр татав.
Үндэсний олимпын хороодын холбоо үүнээс санаа авч, Дэлхийн элсний наадам хийх санаачилга гарган, анхныхыг нь 2019 онд Катарын Доха хотноо зохион байгуулжээ.
Уг нь анхны наадмыг АНУ-ын Сан Диего хот хүлээн авах байв. Ихэнх тэмцээн гадаа талбайд зохиогддог, тусгай барилга байгууламж бараг шаардахгүй гэдэг утгаараа зохион байгуулах зардал бусад наадмыг бодвол харьцангуй бага буюу 40 сая ам.доллар гэж тооцжээ. Гэвч наадам эхлэхээс таван сарын өмнө Сан Диего зохион байгуулах эрхээ шилжүүлэхийг хүссэн юм. Зохион байгуулах комисс шаардлагатай хөрөнгө мөнгийг босгож чадаагүй нь үүний шалтгаан болжээ.
ҮОХХ яаралтай шийдвэр гаргаж, Катартай яриа хэлэлцээ эхлүүлэв. Улмаар долоо хоногийн дараа наадмыг Катарын Доха хот руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Катарчуудад наадамд бэлтгэх дөрвөн сарын л хугацаа байсан юм.
Анхдугаар наадам 2019 оны аравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд спортын 13 төрлөөр 36 багц медалийн хүрээнд зохиогдлоо. Нийт 97 орны 1237 тамирчин наадамд өрсөлджээ.
Багийн дүнгээр Испани улс тэргүүлж, Бразил, Итали удаалав. Зохион байгуулагч Катар элсний волейболын төрлөөр нэг мөнгөн медаль авсан бол нийт 36 улс ямар нэг медаль хүртсэн байна.
Манай улс тус наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медалийн эзэд болсон юм. Манай баг Йорданыг 22:10, Намибийг 21:12-аар хожиж, Украинд 15:17-гоор дийлдэн хэсгээсээ хоёроор шалгарсан. Шөвгийн 8-д БНХАУ-ыг 20:17-гоор хожоод хагас шигшээд ОХУ-д 21:8-аар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Украинтай дахин таарч, 20:16-гаар буулган авчээ.
Харин эмэгтэй баг Мадагаскар, Бразил, Нидерландад хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хэдийгээр хугацаа давчуу байсан ч катарчууд наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан. ҮОХХ хожим тус наадмын зохион байгуулалтыг “амжилттай” хэмээн үнэлсэн юм. ҮОХ-дын дунд явуулсан судалгаагаар наадмын зохион байгуулалтыг 10 онооноос 8.6 гэж үнэлжээ.
Монголын багийн амжилт
Нэрс | Төрөл | Хүйс | Амжилт |
Ганцолмонгийн Ган-Эрдэнэ | 3*3 сагсан бөмбөг | эрэгтэй | хүрэл медаль |
Ариунболдын Ананд | |||
Чулуунбаатарын Ихбаяр | |||
Батсайханы Алтангэрэл | |||
Мөнхсайханы Цэрэнлхам | 3*3 сагсан бөмбөг | эмэгтэй | |
Бат-Эрдэнийн Ариунцэцэг | |||
Ганбатын Минжин | |||
Онолбаатарын Хулан |