0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН 43 ДАХЬ УДААГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ БАНГКОК ХОТНОО БОЛЛОО

Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороодын төлөөлөл, Олон улсын олимпын хорооны төлөөлөл болон ирэх 2025, 2026 онуудад болох өвөл, зуны Азийн наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөл оролцсон АОЗ-ын Ерөнхий ассамблей Тайланд улсын Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус ассамблейд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн салбар хороод, комисуудын 2023 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, Тайланд улсад ирэх 11 дүгээр сарын 21- нээс 30-ны өдрүүдэд болох “Бангкок Чонбури 2023” Азийн танхимын болон тулааны спортын наадам, БНХАУ-д болох “Харбин 2025” Азийн өвлийн наадам, Узбекистан улсад болох “Ташкент 2025” Азийн залуучуудын наадам, Япон улсад зохиогдох “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хороодын төлөөлөгчид тус наадмуудын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл хийсэн байна.

Мөн АОЗ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, тус өөрчлөлтийг ОУОХ-ноос Олимпын Хартид нийцүүлэн баталгаажуулсныг ҮОХ-дын төлөөлөгчдөөр эцэслэн батлууллаа. АОЗ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх хэлэхдээ “АОЗ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт хийж буй онцлогтой Ерөнхий ассамблей болж байна. АОЗ нь ОУОХ-ны Олимпын Хартийн дагуу өөрийн бие даасан байдлаа хадгалсан хэвээр Ази тивийн онцлог бүхий үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулан үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Энэ бүгдэд ҮОХ-дын дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухлыг дурдаад хамтдаа АОЗ-ийн түүхэн дэх дараагийн шинэ хуудсыг эхлүүлэхдээ бахархалтай байна” хэмээн онцлов.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД