ШИЛДЭГ СУРГУУЛИЙН СУРАГЧИД УРЛАГ, СОЁЛ, СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
МҮОА, МҮОХ, БТСУХ-ноос хамтран “Олимпизм 3+5” хөтөлбөрийг спорт, олимпизмын үйл ажиллагааг эрчимтэй зохион явуулж буй шилдэг цэцэрлэгүүд болон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Олимпизм – Соёл - Спорт” сэдэвт Олимпиад болж, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын“ Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “ Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн сурагчид ур чадвараа сорилоо.
Олимпиадын нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОА-ийн Ерөнхийлөгч, Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нарын эрхэм зочид оролцож, баг тамирчдад амжилт хүсэв.
Олимпиадад сургууль тус бүрийг төлөөлөн 11-р ангийн 12 хүүхэд оролцож, урлагийн үзүүлбэр, бие бялдрын болон онолын мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс нэгдсэн дүнгээр “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль тэргүүн байрт, “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль хоёрт шалгарлаа.